Ням гарагт ОХУ-ын Хар тэнгисийн эргийн Сочи хотын ойролцоо оршдог газрын тосны нөөцийн байгууламжид томоохон гал түймэр гарчээ.
Оросын эрх баригчид үүнийг Украины нисгэгчгүй онгоцны халдлагатай холбон тайлбарласан юм.
Тухайлбал Украины устгагдсан дроны хэсэг нөөцийн савыг мөргөсний улмаас гал гарч, түүнийг унтраах ажиллагаанд 127 гал сөнөөгч оролцсон тухай Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев мэдээлжээ.
2014 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж байсан Сочи хотын нисэх буудал энэ үеэр түр хугацаанд хаагдсан байна.
Ням гараг нь Украин, Оросын талууд харилцан нэг нэгнийхээ нутагт агаарын довтолгоо явуулсан өдөр байлаа.
Өчигдөр Оросын арми Херсон мужийн нутагт оршдог гол гүүрийг дахин бөмбөгдөх үеэр нэг хүн алагдсаныг Украины тал мэдээлжээ. Уг гүүрийг долоо хоногийн эхээр мөн бөмбөгдөж байсан юм.
Энэ бөмбөгдөлтийн улмаас гүүрний ойролцоо оршдог Миколаев хотод долоон хүн шархдаж, хэд хэдэн барилга нурсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины тал Оросын төв хэсгийн Рязань, Пенза мужууд болон хил залгаа Воронеж мужуудад нисгэгчгүй онгоцоор довтолсон тухай Москвагийн эрх баригчид мэдээлжээ.
Тухайлбал Бямбаас Ням гарагт шилжих шөнө Украины 93 дроныг устгасны 60 нь Хар тэнгисийн бүс нутагт байсныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн юм.
Энэ шөнө Оросын талаас 83 дрон, долоон пуужингаар найман чиглэлд довтолсны 61-ийг нь устгаснаа Украины агаарын хүчин бас мэдээлжээ.
Өнгөрсөн Пүрэв гарагт Оросын тал 300 гаруй дрон, найман далавчит пуужингаар нийслэл Киев болон Украины бусад хотуудад довтлоход нийтдээ 31 хүний амь үрэгдсэн юм.
Энэ нь дайн эхэлсэн цагаас хойш Оросын армийн хамгийн их цус урсгасан агаарын халдлагуудын нэгд тооцогдож байна.
Украинд явуулж буй дайнаа зогсоох арав хоногийн хугацааг АНУ-ын ерөнхийлөгч Оросын эрх баригчдад өгсөн нь энэ долоо хоногийн сүүлээр дуусахаар байгаа.
Хэрвээ өгсөн хугацаанд дайнаа зогсоохгүй бол Оросын худалдааны гол түншүүдийн эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахаа ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!