Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Alpha Gaming" баг PUBG Mobile World Cup 2025 тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 222 мянган ам.долларын шагнал авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Зургийг Alpha Gaming багийн цахим хуудаснаас авав.

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын зуны дэлхийн аварга гэж болохуйц "PUBG Mobile World Cup 2025" тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө. 

Нийт гурван сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд нийлбэр дүнгээр Мьянмар улсын "Yangon Galacticos" баг 157 оноотойгоор түрүүлж 547 мянган ам.доллар, хоёрдугаар байрт "Хятадын Weibo Gaming" баг шалгарч 323,500 ам.долларын эзэд боллоо.

Харин манай улсыг төдийгүй Төв болон Өмнөд Ази бүсийг төлөөлөн оролцсон "Alpha Gaming" баг 18 тоглолтын дараах байдлаар 141 оноотойгоор гуравдугаар байр эзэлж, 222 мянган ам.долларын шагналын хүртэв. Мөн "Alpha Gaming" багийн ахлагч DOK буюу У.Дөлгөөн "PUBG Mobile World Cup 2025" тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор тодорч 50 мянган ам.доллар авлаа.

Сонирхуулахад энэ тэмцээн анх удаа босго оноо тогтоосон дүрмээр зохион байгуулагдсан. Тухайлбал Grand Finals шатанд тоглож буй 16 багийн хамгийн түрүүлж 128 онооны босго давснууд нь аварга авах эрхийн төлөө өрсөлдөнө. 

Аваргын төлөө өрсөлдөж буй багууд сүүлийн зургаан тоглолтын аль нэг дээр нь WWCD буюу хамгийн сүүлд үлдэж чадвал шууд түрүүлнэ. Хэрэв 128 онооны босго давсан багуудын аль нэг нь сүүлийн зургаан тоглолтын дараах байдлаар WWCD авч чадаагүй бол хамгийн өндөр оноотой нь аваргаар тодрох юм.

Alpha Gaming багийн бүрэлдэхүүнд PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч болох TOP буюу А.Бүрэнбаяр, ZOYL буюу Б.Золбоот нар багтаж байгаа. Мөн 4Merical Vibes багийн бүрэлдэхүүнд байсан DOK, REFUS нар тоглож байна.