Өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтийн улмаас Чилийн зэсийн уурхайн гүнд таван уурхайчин дарагдсан юм. 24 гаруй метрийн гүнд оршдог нурсан хонгилыг цэвэрлэх ажил Ням гарагт дуусахад уурхайчид бүгд амиа алдсаныг тогтоосноо орон нутгийн прокурорын алба мэдээлжээ.
Дэлхийн хамгийн том далд уурхайд тооцогддог Эль Тениенте зэсийн уурхайн ажилчдыг аврах ажиллагаанд 100 гаруй хүн оролцсон байна.
Уурхай нь Чилийн нийслэл Сантьяго хотоос өмнө зүгт 100 км орчим зайд оршдог юм.
Бүс нутгийн ерөнхий прокурор Акилес Кубиёо тав дахь уурхайчны цогцсыг хонгилоос гаргасны дараа “Аврах ажиллагаа ийм үр дүнтэй төгссөнд бид гүнээ харамсаж байна” гэж мэдэгджээ.
Пүрэв гарагийн орой болсон нуралтын үеэр нэг хүн амиа алдсан тул энэхүү ослын үеэр хохирсон хүний нийт тоо зургаа болж байна.
Чилийн төрийн өмчит уул уурхайн компани Codelco аврах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Бямба гарагт эхний уурхайчны цогцсыг, Ням гарагт үлдсэн дөрвөн уурхайчны цогцсыг нурсан хонгилоос гаргажээ.
Газар хөдлөх үед уурхайчид 900 гаруй метрийн гүнд ажиллаж байсан юм. Нэг уурхайчин амь үрэгдсэний дараа тэд ажлаа зогсоож, хонгилоос гарах замыг хайж байжээ.
1900-аад оны эхээр ажиллаж эхэлсэн Эль Тениенте уурхай газрын гүнд 4,500 гаруй километр үргэлжилсэн урт хонгилтой.
Газар хөдлөлтийн чичиргээ үргэлжилсээр байгаа тул уурхайн үйл ажиллагааг Бямба гарагаас эхлэн түр зогсоосноо Чилийн уул уурхайн сайд Аврора Уильямс мэдээлж байв.
Өнгөрсөн онд Эль Тениенте 356 мянган тонн зэс олборлосон нь Чилийн нийт үйлдвэрлэлийн бараг долоон хувийг бүрдүүлжээ.
Пүрэв гарагийн үдээс хойш тохиосон 4.2 магнитудын хүчтэй чичиргээ байгалийн газар хөдлөлтөөс болсон уу, эсвэл өрөмдлөгөөс үүссэн үү гэдгийг тодорхойлоогүй байгаагаа Чилийн эрх баригчид Бямба гарагт мэдэгдэж байв. 2010 онд Атакамын цөлд 33 уурхайчин хоёр сар гаруй хугацаанд газар доор гацсан томоохон ослын аврах ажиллагаанд оролцсон хэд хэдэн мэргэжилтэн энэ удаагийн ажиллагаанд бас оролцжээ.
Чили бол дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч улс бөгөөд дэлхийн зах зээлийн нийт нийлүүлэлтийн дөрөвний нэгийг хангадаг.
2024 онд тус улс 5.3 сая тонн зэс олборлож байжээ.
Чилийн уул уурхайн салбарыг дэлхийд хамгийн аюул багатай гэж үздэг. Өнгөрсөн онд уул уурхайн ослоос шалтгаалсан үхлийн үзүүлэлт 0.02 хувьтай байсныг Чилийн Үндэсний Геологи, Уул Уурхайн алба мэдээлж байв.
Нөгөө талаар Чили улс нь Номхон далайг хүрээлсэн “Галт цагариг” нэртэй сейсмик идэвхжлийн бүсэд оршдог тул газар хөдлөлт байнга ажиглагддаг юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!