Японы нийслэл Токио хотоос хойд зүгт оршдог Сайтама мужийн нутагт өчигдөр хуучирсан бохирын хоолойг шалгаж байсан дөрвөн ажилчин худагт унасны улмаас амиа алджээ.
Ослын газрын эргэн тойронд устөрөгчийн сульфид хэмээх өнгөгүй, маш хортой хий илэрсэн бөгөөд энэ хий ажилчдын үхэлд нөлөөлсөн эсэхийг шалгаж байгаагаа цагдаагийн алба мэдээлсэн байна.
Орон нутгийн цагаар өглөөний 9:25 цагийн үед Гёода хотын бохирын хоолойг шалгаж байсан ажилчдын нэг эхлээд худагт унасны дараа түүнийг аврахыг оролдсон бусад гурван ажилчин бас унажээ.
Ажилчид 50 гаруй насны хүмүүс байсан байна. 60 см өргөн, 12 метр гүн энэ траншейний нүх 1981 онд суурилагдсан 2.6 метр өргөн бохирын хоолойтой холбогддог ажээ.
Сайтама мужийн Яшио хотын нэг замын уулзвар дээр нэгдүгээр сарын 28-ний өдөр асар том нүх үүссэний дараа хотын захиргаа хуучирч муудсан бохирын хоолойнуудаа яаралтай шалгах ажлыг эхлүүлсэн юм.
Уг нүхэнд ачааны автомашинтайгаа унасан эрэгтэйн цогцсыг гурван сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сард л гаргаж байв.
Зэвэрч муудсан бохирын хоолойн элэгдэл ийм нүх үүсэхэд хүргэсэн гэж мэргэжилтнүүд дүгнэсний дараа Японы засгийн газар 30-аас дээш жилийн насжилттай, хоёроос дээш метрийн диаметртэй хоолойнуудыг шалгах ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлж байжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!