Арван жил тоглосон Премьер Лигийн Тоттенхэм Спурс хөлбөмбөгийн клубээс гарч байгаагаа Өмнөд Солонгосын довтлогч Сон Хын Мин өчигдөр зарлажээ.
Тэрбээр 2015 онд Германы Байер Леверкусен клубээс тус клубт ирж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд Сон клубтээ нийт 454 удаа тоглож, 173 гоол хийсэн амжилт үзүүлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Тоттенхэм клуб Европа Лигийн шигшээ тоглолтод Манчестер Юнайтедыг хожиж, 17 жилийн дараа аваргын цом өргөхөд Сон ахлагчаар тоглосон юм.
33 настай Сон одоо Умард Америкийн Major League Soccer лигийн Лос Анжелес ФС клубтэй гэрээ байгуулж байгаа юм байна.
Өнөөдөр орой Сөүл хотод болох Тоттенхэм-Ньюкаслийн нөхөрсөг тоглолт түүний клубтээ хийх сүүлчийн тоглолт болох гэнэ.
Сон гаргасан шийдвэрээ “миний спортын замналын хамгийн хэцүү нь байсан” гэж мэдэгджээ.
“Би англи хэл мэдэхгүй жаахан хүүхэд байхдаа Лондонд анх очиж байсан. Олон жилийн дараа клубээ орхиж байгаа нь миний хувьд маш их бахархалтай мөч юм” гэж тэр хэлсэн байна.
Сонтой хамт хэвлэлийн хуралд оролцсон Тоттенхэмийн шинэ дасгалжуулагч Томас Фрэнк түүнийг “Спурсийн жинхэнэ домог”, “Премьер Лигийн хамгийн аугаа тоглогчдын нэг” хэмээн магтжээ.
“Сонни сүүлчийн тоглолтоо эх орныхоо хөгжөөн дэмжигчдэд үзүүлэх гэж байгаа нь гайхалтай сайхан хэрэг. Энэ бол маш сайхан төгсгөл юм” гэж тэр хэлсэн байна.
Спурстай хамт Европын аварга болсон нь “байж болох бүх зорилгоо биелүүлсэн мэт” санагдах болсон тул өөрийн хүчийг шинэ зүйлд сорих шаардлагатай байгааг Сон тайлбарлажээ.
“Надад өөрийгөө шахах шинэ орчин шаардлагатай байна. Арван жил бол урт хугацаа. Надад бага зэрэг өөрчлөлт хэрэгтэй. Хөлбөмбөгийг өөр орчинд мэдрэхийг хүсэж байгаа эсэхээ би өөрөөсөө асууж, энэ талаар удаан эргэцүүлэн бодсон” гэж тэр хэлсэн юм.
Сон Премьер Лигийн тэмцээнүүдэд 333 удаа тоглохдоо 127 гоол оруулсан нь бүх цаг үеийн мэргэн буучдын 16 дугаарт бичигдэх амжилт.
Тэрбээр одоо Байерн Мюнхенд тоглож байгаа Харри Кэйнтэй гайхалтай хоршиж, Премьер Лигийн хамгийн олон гоолын хослолын дээд амжилтыг эзэмшдэг.
Тэд 47 гоолын хослол үзүүлсний 24-ийг нь Сон, 23-ыг нь Кэйн оруулж байжээ.
Сон 2021-2022 оны улиралд Ливерпүүлийн Мохамед Салахтай 23 гоолын тоогоор тэнцэж, “Алтан Шаахай” шагнал хүртсэн анхны Ази тоглогч болж байв.
Жилийн дараа тэр Премьер Лигийн 100 гоолтой анхны Ази тоглогч болсон юм.
Сон бас Премьер Лигийн 71 оновчтой дамжуулалтаар Тоттенхэм Спурсийн дээд амжилтыг эзэмшдэг.
Мөн клубтээ хийсэн тоглолтын тоогоор зургаад бичигдэх түүхэн амжилтыг үзүүлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!