Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Волгоград муж дахь дэлхийн хамгийн урт хийн хоолойнуудын нэг дэлбэрснийг Украины хэвлэлүүд мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Уртын хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог байгалийн хий дамжуулах хоолойн ОХУ-ын Волгоград муж дахь хэсэг дэлбэрсэн тухай Украины хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

5,000 км урт үргэлжилдэг “Төв Ази-Төв” чиглэлийн энэ хоолой нь Туркменистанаас Узбекистан, Казахстанаар дамжин Оросын нутаг дэвсгэрт хүрдэг юм байна.

Волгоград мужийн Нехаевскийн дүүрэгт болсон энэ дэлбэрэлтийг одоогоор Украины тал үйлдсэнээ хүлээгээгүй байна. Гэхдээ долдугаар сарын эхээр Оросын батлан хамгаалах салбарын аж үйлдвэрүүдийг хийгээр хангадаг дамжуулах хоолойн Ханты-Мансийск Автономит Тойргийн нутагт оршдог хэсэгт Украины тусгай албад үүнтэй ижил дэлбэрэлт зохион байгуулж байсан юм.

ОХУ-ын онцгой байдлын алба, аюулаас хамгаалах албаны хүмүүс болон хоолойн гэмтлийг засварлах техникийн баг өчигдөр Волгоградад ирсэн байна.

Бямба гарагийн шөнийн 2:00 цагийн үед хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдоход “Бид сэрээд гарч гүйсэн ч тэнгэрт ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдаагүй. Дэлбэрэлтийн чимээ хэсэг хугацаанд үргэлжлээд зогссон” гэж Нехаевский дүүргийн Динамовское тосгоны оршин суугчид ярьжээ.

Энэхүү хоолойгоор дамжсан хийг Оросын хэд хэдэн том аж үйлдвэр ашигладаг юм байна. Тухайлбал Оросын цахилгаан галт тэрэгний 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг Москва мужийн Демиховскийн Машин Үйлдвэрлэлийн Завод, байлдааны нисэх онгоц үйлдвэрлэдэг Оросын Нисэх Онгоцны Корпорац МИГ, Магнум-К загварын дайз үйлдвэрлэдэг сум хэрэгслийн үйлдвэр зэрэг үүнд багтдаг ажээ.

1960-1988 оны хооронд байгуулагдсан “Төв Ази-Төв” чиглэлийн дамжуулах хоолойн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогссон тухай Украины эх сурвалжууд мэдээлж байна.

 

Эх сурвалж: The Moscow Times