Германы олимпын хошой аварга Лаура Далмайер өнгөрсөн Даваа гарагт Пакистаны уулсын ноён оргилуудын нэгд авирч байгаад осолдсон тухай хоёр хоногийн дараа мэдээлж байв.
Тэрбээр Каракорамын нурууны далайн төвшнөөс дээш 5,700 метрийн өндөр Лайла оргилд авирч байхдаа нурсан хад чулуунд цохиулж амиа алдсан юм.
Тамирчны цогцсыг уулнаас буулгах ажиллагаа өнгөрсөн хэдэн өдрийн турш үргэлжилсэн ч амжилт олоогүй байна.
Тиймээс аюултай нөхцөл байдалд аврах ажиллагаа үргэлжлэх боломжгүй болсон тул цогцсыг ууланд үлдээхээр болсныг Далмайерын менежмэнтийн агентлаг өчигдөр мэдээлжээ.
Пакистаны уулчдын клубтэй зөвлөлдсөний эцэст тамирчны ар гэрийнхэн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж, сүүлд боломжтой нөхцөл бүрдэхэд цогцсыг буулгахаар шийдвэрлэснийг дээрх мэдэгдэлд тайлбарласан байна.
Ууланд авирахаасаа өмнө Далмайер хэрвээ осолдвол аврах буюу цогцсыг нь авах гэж бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг захиж байсныг түүний хэд хэдэн найз, ойрын хүмүүс баталж байв.
“Түүнийг хүсэлтийнх нь дагуу ууланд үлдээхээр шийдлээ” гэж аврах ажиллагаанд оролцсон Германы уулчин Томас Хубер хэлжээ.
“Лаурагийн цогцсыг буулгах боломжтой. Гэхдээ маш өндөр эрсдэлтэй” гэж ажиллагаанд оролцон Америкийн уулчин Жэксон Марвел бас хэлсэн байна.
Далмайер ууланд өөрийн хамтрагч Марина Краусстай хамт авирч байсан юм.
Пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Краусс “Лаураг маш том чулуунд цохиулж, ханан хад руу шидэгдэхийг би харсан. Энэ үеэс хойш тэр дахин хөдлөөгүй” гэж болсон явдлын талаар ярьжээ.
Тэрбээр Далмайерийн унасан газарт хүрэх боломжгүй байсан тул гаднаас тусламж дуудсан юм байна.
Далмайер нь 2018 оны Пенчаны өвлийн олимпын наадмаас биатлоны төрөлд нэг зэрэг хоёр алтан медаль зүүсэн анхны эмэгтэй тамирчин болсон юм. Дараа жил нь тэр нэг дэлхийн аваргаас таван алтан медаль зүүсэн анхны биатлончин болон түүхэнд бичигдэж байжээ.
Тэрбээр 2019 онд 25 насандаа зодог тайлсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!