Өмнөд Солонгосын хамгийн том агаарын тээврийн боомт Инчоны Олон Улсын Нисэх Буудал явж буй зорчигчдод зориулсан бодит цагийн (real time) мэдээллийн үйлчилгээ нээснээ Баасан гарагт зарлажээ.
Уг үйлчилгээ нь явах танхимд орж ирсэн зорчигчдод тасалбараа бичүүлэх, аюулгүй байдлын үзлэгт орох, цагаачлалын шалгалтаар нэвтрэх зэрэг бүх үе шат ямар хугацаанд хэрэгжиж байгааг бодит цагийн горимд харуулах юм байна.
Зорчигчид энэ мэдээлэлд үндэслэн аль гарцыг сонговол хамгийн богино хугацаа зарцуулахаа урьдчилан тооцоолж болох гэнэ.
Нисэх буудал даяар байрлуулсан их өгөгдлийн (big data) мэдрэгчүүд зорчигчдын урсгалыг тасралтгүй хянах замаар хугацааг тооцоолон LED самбар дээр шинэчлэн харуулж байх юм байна.
Үүнээс гадна хөөрөх онгоцнуудын цагийн хуваарийг харуулсан самбартаа тухайн нислэгийн гарц хүртэл алхахад ямар хугацаа зарцуулахаар байгааг харуулдаг болжээ.
“Бид хөл хөдөлгөөн ихтэй явах танхимын зорчигчдын тав тухыг нэмэгдүүлж, илүү амар тайван аялах боломжийг олгохын тулд энэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Инчон нисэх буудал бүх үйл ажиллагаандаа дижитал инновацыг үргэлжлүүлэн нэвтрүүлж, ухаалаг, зорчигч төвтэй мэдээллийн үйлчилгээгээ өргөжүүлэх болно” гэж Инчон Олон Улсын Нисэх Буудлын ерөнхийлөгч И Хаг Жэ мэдэгдсэн байна.
Эхний шатанд бодит цагийн үйлчилгээг тус буудлын нэгдүгээр терминалд (Terminal 1) нэвтрүүлж байгаа бөгөөд ойрын үед хоёрдугаар терминалд нэмж нэвтрүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!