Оросын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн “өдөөн хатгасан” мэдэгдлийн хариуд цөмийн хоёр шумбагч хөлгөө тодорхой байрлалд шилжүүлэх тушаал өгснийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Оросын ерөнхийлөгч асан, одоо ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албан тушаал хашдаг Дмитрий Медведевийн маш ноцтой өдөөн хатгасан мэдэгдлийн хариуд би цөмийн хоёр шумбагч хөлгөө зохих бүс нутагт шилжүүлэн байрлуулах тушаал өглөө. Энэ нь түүний тэнэг бөгөөд өдөөн хатгасан мэдэгдэл хоосон үг төдий зүйл биш байж болзошгүйтэй холбоотой юм” гэж Трамп өчигдөр сошиал хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр цааш нь “Үг маш чухал. Санамсаргүй үр дагаварт ч хүргэж болно. Энэ удаа тийм байдалд хүрэхгүй гэдэгт найдаж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэж бичжээ.
Трамп шилжүүлсэн хөлөг онгоцнуудаа цөмийн хөдөлгүүртэй, эсвэл цөмийн зэвсэг тээвэрлэгч аль нь болохыг тодорхой хэлээгүй юм.
АНУ-ын зэвсэгт хүчний протоколын дагуу тэр хөлгүүдийг хаана шилжүүлэн байрлуулснаа нууцалжээ.
Сүүлд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Түүний сүрдүүлгийг бид зохимжгүй гэж үзсэн. Тиймээс бид маш болгоомжтой байх ёстой. Би үүнийг ард түмнийхээ аюулгүй байдлын үүднээс хийлээ. Оросын ерөнхийлөгч асан биднийг заналхийлсэн” гэж ярьсан байна.
Кремлийн хэвлэлийн алба одоогоор Трампын шийдвэрийн талаар байр суурь илэрхийлээгүй байна.
Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Трамп эхлүүлсэн дайнаа наймдугаар сарын 8-ны дотор дуусгахыг Оросын талаас шаардаж, биелүүлээгүй тохиолдолд хатуу хориг арга хэмжээгээр шийтгэхээ анхааруулсан юм.
Үүний дараа Трамп, Медведев нарын хэрүүл тэмцэл эхэлсэн.
Пүрэв гарагт Оросын газрын тосыг худалдан авсаар байгаа Энэтхэг улсыг Трамп сүрдүүлэхдээ тус хоёр улсыг “үхмэл эдийн засгаа хамтдаа сүйрүүлэхийг хүсэж байвал надад хамаагүй” гэж анхааруулсан юм.
Үүний хариуд Медведев “Трамп амьд үхдэлүүдийн тухай дуртай киногоо дахин үзэж, домогт “Dead Hand” ямар аймшигтай болохыг санах хэрэгтэй” гэж сошиал хуудсандаа бичжээ.
“Dead Hand” буюу орос хэлээр “Периметр” гэгддэг зүйл нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын үед зохион бүтээсэн цөмийн зэвсгийг удирдах автомат системийн нэр юм.
Уг системийг сүүлд ОХУ өвлөж авсан гэдэг.
Медведевийн энэ сүрдүүлэг Трампыг нэлээд бухимдуулсан бололтой.
Трамп мэдэгдэлдээ экс ерөнхийлөгчийг элдэв үгээр доромжлохоо мартаагүй юм.
“Өөрийгөө ерөнхийлөгч хэвээр гэж боддог, Оросын бүтэлгүй ерөнхийлөгч асан Медведевт үгээ бодож ярь гэж хэлээрэй. Тэр маш аюултай зүйлгээр оролдож байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!