Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Камчаткийн газар хөдлөлтийн дараа Номхон далайн эрэг дагуу зарлагдсан цүнамигийн түгшүүрүүд цуцлагдлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт, орон нутгийн цагаар 11:25 цагт Оросын Алс Дорнодын Камчаткийн хойгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ.

Үүний улмаас Орос, Япон, АНУ зэрэг дэлхийн олон улс орон Номхон далайн эрэг дагуу бүс нутагтаа цүнамигийн түгшүүр зарлаж, нийтдээ хоёр сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Гэвч хэдэн цагийн дараа далайд үүссэн давлагаа хангалттай өндөрт хүрээгүй тул түгшүүрээ цуцалцгаасан байна.

Тухайлбал Хавай мужийн Оаху аралд хүрсэн давлагааны өндөр 1.2 метр, Мауи аралд 1.7 метрт хүрчээ. Мөн давлагаа хоорондын зай нэлээд хол байсан байна.

Калифорни мужийн Кресент хотын эрэгт 1.09 метрийн өндөр давлагаа бүртгэгдсэн нь АНУ-ын эх газарт хүрсэн хамгийн өндөр давлагаа болсон байна.

Энэ мэтчилэн Япон, Хятад, Канад, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Перу зэрэг улсууд газар хөдөлсний дараа зарлаад байсан цүнамигийн түгшүүрээ цуцалцгаажээ.

Хэдийгээр өчигдрийн үзэгдэл түүхэнд бүртгэгдсэн зургаа дахь хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байгаа ч 2004 онд Энэтхэгийн далайд, 2011 онд Японы эрэгт болсон шиг хэдэн арван метрийн өндөр давлагаа үүсгээгүй байна.

Цүнамигийн өндөр тухайн газар хөдлөлтийн төв цэгийн байрлал, гүн, эрэг орчмын далайн ёроолын хэлбэр хэмжээ зэргээс шалтгаалдгийг мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Далайн гүнд үүссэн цүнамигийн давлагаа цагт 800 км орчим буюу нисэх онгоцны хэмжээний хурдтайгаар тархдаг. Янз бүрийн нөхцөл шалтгааны улмаас дараагийн эрэгт хүрэхдээ эрч нь сулардаг байна.

Газар хөдлөлтийн төвдөө далайн давлагаа 5 метрийн өндөрт хүрснийг Оросын албаныхан мэдээлсэн юм.

Номхон далайг тойрон хүрээлсэн бүс нутгийг “Галт цагариг” гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн нийт газар хөдлөлтийн 80 орчим хувь энд бүртгэгддэг.

Камчаткийн хойг нь Номхон далайн болон Охотскийн тектоник хавтангуудын залгаас дээр байрладаг юм. Номхон далайн хавтан баруун хойд зүгт, өөрөөсөө хамаагүй жижиг Охотскийн хавтангийн доогуур шургах чиглэлд хөдөлж байдаг.

Энэ хөдөлгөөний хурд жилд 8 см бөгөөд хүний гарын хумсны ургалтын хурднаас ойролцоогоор хоёр дахин илүү юм. Гэхдээ тектоник хавтангуудын хөдөлгөөний хувьд энэ нь нэлээд хурданд тооцогддог байна.

Энэ хөдөлгөөний явцад Номхон далайн хавтан дэлхийн бөмбөрцгийн цөм рүү живж, халалтын улмаас хайлдаг.

Гэхдээ энэ үйл явц жигд явагддаггүй, хөдөлгөөн гацах, огцом живэх зэрэг үзэгдлийн үеэр газар хөдөлдөг байна.

Өчигдрийн газар хөдлөлтийн төвөөс 30 км зайд 1952 онд 9 магнитудын чичиргээ бүртгэгдсэн нь түүхэнд тавдугаарт бичигддэг хүчтэй газар хөдлөлт юм.

 

Эх сурвалж: BBC