Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхэндээ анх удаа Кубын хувийн хэвшил улсынхаа эдийн засагт давамгайлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

1959 оны Фидель Кастрогийн хувьсгалаас хойш анх удаагаа хувийн хэвшлийнхэн Куба улсын жижиглэн худалдааны салбарт давамгайлсныг шинэ тоо баримт харуулжээ.

Тус улсын Үндэсний Статистикийн Алба өнгөрсөн долоо хоногт 2024 оны эдийн засгийн тайлан мэдээгээ нийтэлсэн юм.

Өнгөрсөн оны жижиглэн худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтын 55 хувийг хувийн хэвшил гүйцэтгэснийг энэ тайлан харуулжээ.

2023 онд энэ хэмжээ 44 хувьтай байсан юм.

1991 онд гол ивээн тэтгэгч нь байсан Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Кубын эрх баригчид хувийн хэвшлийнхний эдийн засгийн оролцоог аажмаар нэмэгдүүлж байгаа.

1968 онд тус улсын коммунист эрх баригчид бүх хувийн өмчийг нийгэмчилж байв.

Эсрэгээрээ сүүлийн таван жилийн хугацаанд төрийн өмчит байгууллагуудын эдийн засагт эзлэх хэмжээ 11 хувиар агшжээ.

Одоо Кубад төрийн өмчийн олон мянган дэлгүүрүүд цөөн тооны хүнс, бэлэн хувцас, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн зарсан хэвээр байгаа.

Гэвч хувийн хэвшлийнхний ажиллуулдаг олон зуун дэлгүүр хэдийгээр өндөр үнэтэй ч ард иргэдэд илүү олон төрлийн барааны сонголтыг өгч байна.

“Төрийн өмчийн худалдааны сүлжээ барааны үнийг хямд байлгаж чаддаг. Гэхдээ засгийн газарт мөнгө байхгүй тул иргэдийн бүх хэрэгцээг хангаж дийлэхгүй байна. Тийм учраас хүмүүс өндөр үнэтэй ч хувийн хэвшлийн дэлгүүрүүдийг сонгодог” гэж Кубын эдийн засагч Омар Эверлени ярьжээ.

1959-2008 оны хооронд Кубыг удирдаж байсан Фидель Кастро хувийн хэвшлийг “дайсанд бууж өгч буйн илрэл” гэж үздэг байсан бол түүний дүү Рауль Кастро арай аядуу байр суурь баримталж, улс орны эдийн засагт зайлшгүй байх ёстой гэж үзэж байлаа.

Одоогийн ерөнхийлөгч Мигель Диас-Канел уг бодлогыг үргэлжлүүлж байгаа. Гэхдээ тэр бас төрийн өмчит компаниудыг илүү сайжирч, улс орныхоо эдийн засгийн гол тоглогч хэвээр байх ёстой гэж үздэг.

Кубын одоогийн удирдлагын хүрээнд эдийн засгийг либералчлахыг дэмждэг болон эсэргүүцдэг хэсгийн хооронд маргаан тэмцэл үргэлжилж байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Саяхан Кубын эдийн засгийн сайд Хоакин Алонсо үндэсний ассамблейн чуулганд үг хэлэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус улсын импортын нийт хэмжээ буурсан ч хувийн хэвшлийнхний импорт 34 хувиар өсөж, $1 тэрбум давсныг мэдээлж байжээ.

Тэрбээр хувийн хэвшлийн өсөлтийг хүлээн зөвшөөрөхдөө “бид тэдэнтэй өрсөлдөх биш, зөв зохицуулдаг болох шаардлагатай” гэж хэлсэн юм.

Албан ёсны тоо баримтаас харвал Кубын нийт 4 сая ажиллах хүчний 1.6 сая нь хувийн хэвшилд оногдож байна.

 

Эх сурвалж: Reuters