Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын тулган шаардалтын дараа Украин даяар 25 хүн Оросын агаарын цохилтод амь үрэгдэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эхлүүлсэн дайнаа дуусгах 10 хоногийн хугацааг Оросын эрх баригчдад өгч байгаагаа зарласан билээ.

Хэрвээ уг шаардлагыг биелүүлэхгүй бол хатуу хориг арга хэмжээгээр шийтгэхээ мэдэгдээд байгаа. Өмнө нь Трамп дайн зогсоох 50 хоногийн хугацаа өгч байсан бол сая үүнийгээ богиносгож, наймдугаар сарын 10-ныг хүртэл хүлээх хугацаа өгсөн юм.

Тэгвэл Оросын тал Даваа гарагаас Мягмар гарагт шилжих шөнө Украин даяар агаарын довтолгоо явуулсны улмаас нийтдээ 25 хүний амь үрэгджээ.

Өмнөд бүсийн Запорожье мужийн Биленке хорих ангийг бөмбөгдөх үеэр 16 хоригдол амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан нь хамгийн их хохиролтой цохилт болсон байна.

Үүнээс гадна зүүн хойд бүсийн Харьков мужид хүмүүнлэгийн тусламжийн бараанд дугаарлаж зогссон хүмүүс агаарын цохилтод өртөхөд таван хүн алагдсан бол төв бүсийн Днипропетровск мужид гурван хүн амь үрэгдсэний нэг нь 23 настай жирэмсэн эмэгтэй байжээ.

Тус мужийн өөр хэсэгт бас нэг хүний амь үрэгдсэн байна.

Энэхүү халдлагын дараа Оросын аллага хядлагыг зогсоож, энх тайван тогтоохын тулд “хатуу хориг арга хэмжээ” авахыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский холбоотнууддаа уриалжээ.

Өчигдөр бас ОХУ-ын батлан хамгаалах яам Украины талаас хэдэн арван нисгэгчгүй онгоц хил орчмын нутаг дэвсгэрт нь халдсан талаар мэдээлсэн юм.

Үүний улмаас Ростов мужид нэг хүн автомашиндаа амь үрэгдсэн бол Белгород мужид нэг хүн мөн автомашиндаа амь үрэгдэж, эхнэр нь шархадсаныг мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC