Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн өдөр байлдсаны дараа Тайланд, Камбож улсуудын төлөөлөгчид Малайзын нутаг дэвсгэрт уулзахаар тохиролцов

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт дөрвөн өдрийн турш хоорондоо тулалдсан Тайланд, Камбож улсууд өнөөдөр буюу Даваа гарагт Малайз улсын нутаг дэвсгэрт гал зогсоох яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцжээ.

Уулзалтад ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтам Вечаячай тэргүүтэй төлөөлөгчид оролцохыг Тайландын тал Ням гарагт мэдээлсэн байна.

Камбожийн талаас тус улсын ерөнхий сайд Хун Манет оролцохоор болсныг Малайзын тал баталсан тухай бас дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Долдугаар сарын 24-нд эхэлсэн хилийн зэвсэгт мөргөлдөөний үеэр цэргүүд, энгийн иргэд нийлсэн 33 хүний амь үрэгдэж, хилийн хоёр талаас олон мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улс яриа хэлэлцээ эхлүүлэхээр болсныг Бямба гарагт зарлаж байв.

Харин өчигдөр буюу Ням гарагт тэр хоёр улсыг мөргөлдөөнөө зогсоохгүй бол 36 хувийн импортын татварыг нь бууруулах талаар ярих боломжгүйг анхааруулжээ.

“Би хоёр улсын ерөнхий сайд нартай ярихдаа “Та нар дайнаа зогсоохгүй бол бид худалдааны гэрээ байгуулахгүй” гэж анхааруулсан. Тэд тохиролцохыг хүсэж байгаа гэж би бодож байна” гэж Трамп хэлсэн байна.

Тайландтай харьцуулахад армийн хүчин чадал нь сул дорой Камбож улс гал зогсоох хүсэлтэй байгаагаа түрүүлж мэдэгдсэн юм.

Өнгөрсөн өдрүүдэд тус улсын цэргийн байгууламжууд Тайландын агаарын цохилт, их бууны галд нэлээд хохирсон гэх мэдээлэл бий.

Харин Тайландын тал зарим нөхцөл болзлыг Камбож улс зөвшөөрсөн тохиолдолд гал зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлхийн ихэнх улс орнуудын нэгэн адил наймдугаар сарын нэгний өдрөөс өмнө худалдааны гэрээ байгуулж чадахгүй бол Тайланд, Камбож улсууд АНУ-д бараа бүтээгдэхүүнээ 36 хувийн импортын татвартай нийлүүлдэг болохоор байгаа.

Трамп энэ нөхцөл байдлыг хөшүүрэг болгон ашигласан бололтой.

Хоёр улс гал зогсоохоор болсныг Трамп зарласны өмнөх өдөр Тайландын гадаад хэргийн сайд “Бидэнд аль нэг гуравдагч орны зуучлал хэрэггүй” гэж хэлж байсан юм.

 

Эх сурвалж: BBC