АНУ болон Европын Холбооны талууд олон сар үргэлжилсэн маргаан зөрчлөө арилгаж, худалдааны шинэ гэрээ байгуулснаа Ням гарагт зарлалаа.
Өчигдөр Шотландад уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар Европын бүх бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд 15 хувийн импортын татвартай нэвтрүүлэхээр тохиролцжээ.
Тохиролцоонд хүрч чадахгүй бол наймдугаар сарын нэгнээс эхлэн Европын барааны татварыг 30 хувьд хүргэхээр Трaмп өмнө нь сүрдүүлж байсан юм.
Трамп өчигдөр хэлэхдээ АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүн Европын Холбооны гишүүн 27 улсын зах зээлд тэг татвартай нэвтрэхээр болсныг мэдэгджээ.
Дэлхийн худалдааны бараг гуравны нэгийг бүрдүүлдэг түншүүд тохиролцож чадсан нь Атлантын далайн хоёр эрэгт тогтвортой байдал авчрах ач холбогдолтойг Урсула фон дер Ляйен онцолсон байна.
Трампын хувьд ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараахан АНУ-ын гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, дэлхийн эдийн засгийн дэг журмыг шинэчлэх зорилгоор өөрийн гол түншүүдийн эсрэг худалдааны дайн зарласан юм.
Тэрбээр дэлхийн ихэнх улс орнуудад импортын өндөр татвар ногдуулах хугацаагаа 90 хоногоор хойшлуулж, “90 хоногийн дотор 90 гэрээ байгуулах” зорилтыг анх тавьж байв.
Гэвч хойшлуулсан хугацаа нь энэ Баасан гарагт дуусах гэж байхад түүний засаг захиргаа Их Британи, Япон, Индонез, Филиппин, Вьетнам гэсэн хэдхэн улстай гэрээ байгуулаад байгаа.
Энэ жагсаалтад одоо Европын Холбоо нэмэгдэж байна.
Трамп өнгөрсөн амралтын өдрүүдийг Шотланд дахь өөрийн эзэмшлийн гольф клубт өнгөрүүлсэн юм.
Энэ үеэр Урсула фон дер Ляйен түүнтэй биечлэн уулзахаар Шотландад очжээ.
Уулзалтын дараа Трамп “Бид тохиролцоонд хүрлээ. Бүгдэд ашигтай маш сайн гэрээ болсон. Энэ гэрээ биднийг ойртуулах болно” гэж хэлсэн бол Фон дер Ляйен “хүнд яриа хэлэлцээний үр дүнд асар том гэрээ” байгуулахаар болж буйг мэдэгджээ.
Европын Холбоо нийтдээ $600 тэрбумын хөрөнгийг АНУ-д оруулах, $750 тэрбумын эрчим хүчний бараа бүтээгдэхүүн авахаар болж буйг Трамп нэмж хэлсэн байна.
Хөрөнгө оруулалтад АНУ-ын зэр зэвсгийн үйлдвэрлэлийн салбар хамрагдах бол эрчим хүчний худалдаанд Америкийн газрын тос, байгалийн хий, цөмийн станцууд багтаж, Оросын эрчим хүчний хамаарлаас Европыг чөлөөлөх ач холбогдолтойг Фон дер Ляйен мэдээлжээ.
Нисэх онгоц, түүний сэлбэг хэрэгсэл, зарим химийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд Европын зах зээлд тэг татвартай нэвтрэхээр болсон байна.
“Энэ тохиролцоонд хүрэхэд хувийн хичээл зүтгэл, манлайлал үзүүлсэн ерөнхийлөгч Трампад би хувиасаа талархал илэрхийлмээр байна. Тэр бол хатуу боловч маш сайн хэлэлцээрч юм” гэж хатагтай Ляйен хэлжээ.
Трампын засаг захиргаа Их Британитай 10 хувийн татвар дээр тохиролцсон бол өнгөрсөн долоо хоногт Япон улстай 15 хувийн гэрээ байгуулснаа зарласан.
Европын Холбооны татварыг Япон улсынхтай нэг түвшинд тохиролцож байна.
АНУ, Европын Холбооны худалдааны хэмжээ өнгөрсөн онд $976 тэрбумд хүрч байв.
2024 онд АНУ нийтдээ $606 тэрбумын бараа Европоос авч, $370 тэрбумын бараа Европт нийлүүлж байжээ.
Энэ тэнцвэргүй байдал Трампыг бухимдуулах гол шалтгаан болж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!