Украины нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас Оросын эрх баригчид өчигдөр төлөвлөгдсөн тэнгисийн флотын баярын парадаа цуцалсан байна.
Жил бүрийн долдугаар сарын сүүлчийн Ням гарагийг тус улс зэвсэгт хүчнийхээ тэнгисийн флотын баярын өдөр болгон тэмдэглэдэг.
Өчигдөр Санкт Петербург хот, Балтийн тэнгисийн Калининград муж, Алс Дорнодын Владивосток хотуудад байлдааны хөлөг онгоцнууд оролцсон баярын парад зохион байгуулагдах байсан ч цуцлагджээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ баярт оролцохоор өөрийн төрөлх хот Санкт Петербургт очоод байсан юм.
Парадыг цуцалсан шалтгааныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ерөнхий нөхцөл байдал, аюулгүй байдлын шалтгаантай холбоотой бөгөөд энэ нь бидэнд юу юунаас илүү чухал байна” гэж тайлбарлажээ.
Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө Оросын хэд хэдэн бүс нутагт Украины 99 нисгэгчгүй онгоцыг устгасан тухай ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Сүүлд Санкт Петербург хотын ойролцоо дахин хэдэн дрон нэмж устгаснаа мэдээлжээ.
Ням гарагийн өглөө тус хотын Пулково нисэх буудал олон арван нислэгээ хойшлуулсан нь бас дроны аюултай холбоотой байв.
Санкт Петербург хотод очихдоо Путин дөрвөн өдөр үргэлжилсэн тэнгисийн байлдааны сургуулилалтын тайлантай танилцжээ.
“Долдугаар сарын Шуурга” нэртэй энэхүү ажиллагаанд Балтийн тэнгис, Номхон далайн флотын 150 хөлөг оролцсон байна.
Энэ үеэр Путин байлдааны хөлгүүдийнхээ тоог нэмж, тэнгисийн цэргийн хүчин чадлыг шинэ түвшинд гаргахаа амлажээ.
Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайны турш Оросын тэнгисийн зэвсэгт хүчний нэг хэсэг болох Хар тэнгисийн флотын хэд хэдэн байлдааны хөлөг Украины цохилтод сүйрсэн тул үлдсэн хөлгүүдээ эзлэгдсэн Крымийн хойгоос эх газрын Новороссийск боомт руу шилжүүлж байв.
Нөгөө талаас энэ өдрүүдэд Оросын арми Украины хотуудад агаарын довтолгоогоо үргэлжлүүлсээр байна.
Өчигдөр Украины зүүн хойд бүсийн Сумы хот нисгэгчгүй онгоцны халдлагад өртөх үеэр иргэний дэд бүтэц, захиргааны барилга, орон сууцнууд сүйдэж, гурван хүн шархаджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!