“Хүүхдэд Эх Эцэг” төрийн бус байгууллагаар зуучлуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн хоёр бүлийн гурван хүүхдийг аав, ээжийнх нь хамт Гадаадын Иргэн, Харьяатын Газар(ГИХГ)-ын удирдлагууд өнөөдөр (2025.07.25) хүлээн авч уулзлаа.
Алтаншагай, Тайванхүү нар 2012, 2017 онд ХБНГУ-ын иргэн Thomas Odinius-ын гэр бүлд, Уудам хүү 2014 онд тус улсын иргэн Thomas Metje-ийн гэр бүлд тус тус үрчлэгдсэн юм. Тэд өдгөө Герман улсад амьдарч, ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд суралцаж байна.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Уулзалтаар хүүхдүүдийн Монгол Улсад ирсэн сэтгэгдлээс хуваалцаж, хүсэл сонирхол, ирээдүйн зорилгын талаар сонирхолтой яриа өрнүүлэв.
Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 277 хүүхдийг АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финланд, Швед, ОХУ, Шинэ Зеланд, Итали зэрэг 17 орны гэр бүлд үрчлүүлээд байна.
Эдгээрээс хамгийн олон буюу Америк 157, Герман 36, Итали 23, Францад 20 хүүхэд үрчлэгджээ.
Эх сурвалж: ГИХГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!