Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Coldplay хамтлагийн тоглолтын үеэр камерын дуранд өртсөн эмэгтэй захирал албан тушаалаасаа огцорчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Coldplay хамтлагийн тоглолтын үеэр үзэгчдийг чиглэсэн камерын дуранд тэврэлдэж зогсоод өртсөн Америкийн технологийн нэг компанийн гүйцэтгэх захирал, хүний нөөцийн захирал хоёр дэлхий дахиныг хамарсан дуулианы эзэд болсон билээ.

Энэ явдлын дараахан өгөгдлийн удирдлагын бүтээгдэхүүн хөгжүүлдэг Astronomer компанийн төлөөлөн удирдах зөвлөл дотооддоо ёс зүйн шалгалт эхлүүлж, гүйцэтгэх захирал Энди Байрон албан тушаалаасаа огцорч байв.

Тэгвэл Байронтой гэр бүлээс гадуур дотно харилцаатай байсан нь энэ дуулианаар илэрсэн хүний нөөцийн захирал Кристин Кэбот мөн албан тушаалаасаа огцорсныг Astronomer компанийн төлөөлөгч Пүрэв гарагт мэдэгджээ.

Камерын дуранд өртсөнөө мэдмэгцээ хүмүүсийн араар яаран нуугдаж байгааг харуулсан тэдний дүрс бичлэгийг олон сая хүн үзсэн юм.

Тухайн үед Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин тэднийг “нэг бол хоорондоо явалддаг, эсвэл маш их ичимхий хүмүүс бололтой” хэмээн тайзан дээрээс хошигнож байв.

Байроныг огцорсны дараа гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал Пит Дежой түр хашиж эхэлсэн юм.

“Өнгөрсөн хэдэн өдрийн үйл явдлууд хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг их татлаа. Манай өгөгдөл, хиймэл оюуны технологийн цөөн хэдэн компаниудын жижиг хүрээлэлд хэзээ ч ийм зүйл тохиолдож байсангүй” гэж тэр шинэ ажил үүргээ хүлээж авсны дараа мэдэгджээ.

Компанийнх нь нэр ганцхан шөнийн дотор олны танил брэнд болсон ч салбарынхаа чиглэлд аугаа зүйл бүтээх ажлыг тууштай үргэлжлүүлэхээ Дежой амласан юм.

 

Эх сурвалж: BBC