ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт иргэний агаарын тээврийн онгоц осолдсоны улмаас зорчигчид болон нисэх багийн гишүүд нийт 48 хүний амь үрэгдсэнийг Амур мужийн захирагч өчигдөр орой мэдээлжээ.
Үүнээс өмнө тус улсын онцгой байдлын яам Москвагаас зүүн зүгт 7,000 гаруй километрын зайд оршдог Тында хотын урд оршдог уулын энгэрт Зөвлөлтийн үеийн хос хөдөлгүүртэй нисэх онгоц унасныг мэдээлж байв.
Сибирийн Ангара Айрлайнз компанийн эзэмшдэг уг онгоц Хабаровск хотоос Орос-Хятадын хил дээр оршдог Благовещенск хотын чиглэлд нисэж байжээ.
Амур мужийн захирагч Василий Орлов ослын газар Тында хотоос 15 км зайд байгаа тул аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй тулгарч буйг мэдээлсэн юм.
Онгоц хоёр дахь удаагаа газардах оролдлого хийхдээ удирдлагын төвтэй холбоо тасарч, радараас алга болсныг ОХУ-ын зүүн хязгаарын тээврийн прокурорын газар мэдээлсэн байна.
Осол гарах үед тухайн орон нутагт цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсээд байсан тухай Интерфакс агентлаг албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
Онгоц 50 орчим жилийн өмнө үйлдвэрлэгдсэн байсныг Оросын хэвлэлүүд олж мэдээлсэн байна.
Осолтой холбогдуулан Амур мужид гурван өдрийн гашуудал зарлажээ.
Онгоцны зорчигчдын дотор Хятадын нэг иргэн байсныг тус улсын Хабаровск хот дахь консулын газар мэдээлснийг Шиньхуа агентлаг уламжилсан байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин болсон явдалтай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлснийг дээрх мэдээнд бас дурджээ.
Эрхүү хотод төвлөрдөг Ангара Айрлайнз компани 1972-1976 онуудад үйлдвэрлэгдсэн 10 ширхэг АН-24 нисэх онгоцоор Сибирийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Олон улсын хориг арга хэмжээний улмаас онгоцны хомсдолд орсон тул хуучны нисэх онгоцнуудынхаа ашиглалтын хугацааг сунгах хүсэлтийг Сибирийн агаарын тээврийн хоёр компани өнгөрсөн онд ОХУ-ын засгийн газарт гаргасны нэг нь Ангара байжээ.
Оросын эрх баригчид дотооддоо шинэ нисэх онгоц үйлдвэрлэх замаар Өрнөдийн хоригоос хамааралгүй болохыг хичээж байгаа.
Энэ зорилгоор АН-24-тэй нэг ангиллын Ладога нэртэй шинэ онгоц зохион бүтээж байгаа ч үйлдвэрлэлд шилжих хугацааг 2027 оноос наашгүй гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!