Өнгөрсөн оны сүүлээр улс орондоо хууль бус арга замаар цэргийн дэглэм тогтоохыг оролдоод огцорсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа билээ.
Тэгвэл энэ хэрэгт Монголд болсон үйл явдал холбогдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тухайлбал прокурор Чо Юн Сокоор удирдуулсан тусгай мөрдөгчдийн баг экс ерөнхийлөгчийн Монгол дахь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын элчин сайдын яамны албаны хүмүүстэй холбоо тогтоох гэсэн оролдлогыг шалгаж эхэлсэн байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр цэргийн дэглэм зарлахаас хэдхэн хоногийн өмнө энэ үйл явдал Улаанбаатар хотод болсон гэнэ.
Тухайлбал Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын албаны хоёр ажилтан орон нутгийн зуучлагчаар дамжуулан Умард Солонгосын албаныхантай уулзахыг оролдоод Монголын хууль хүчнийхэнд саатуулагдсан юм байна.
Тэдний зорилго нь Юн Сүк Ёлын зарласан цэргийн дэглэмийг зөвтгөхийн тулд Умард Солонгосын талтай хуйвалдаж, зохиомол зэвсэгт мөргөлдөөн үүсгэх байжээ.
Зэвсэгт мөргөлдөөн өдөөх зорилгоор гадаадын байгууллагатай хамтран ажиллахыг Өмнөд Солонгосын эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлээр хориглосон байдаг гэнэ.
Хэрвээ үнэхээр ийм хуйвалдаан зохион байгуулахыг завдсан нь мөрдлөгийн үр дүнд тогтоогдвол холбогдох хүмүүс бүх насаар хоригдох, эсвэл цаазаар авхуулах хүртэл ялтай байдаг ажээ.
Одоо шалгагдаж байгаа тагнуулын газрын дарга асан Но Сан Воны баримт бичгүүдэд “NLL орчимд халдлага зохион байгуулах” гэх мэт тэмдэглэл байгаа нь хоёр Солонгосын усан хил дагуу зохиомол мөргөлдөөн үүсгэх зорилготой байсан байж болзошгүйг харуулж байгаа юм байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!