Өчигдөр буюу Лхагва гарагт Япон улс цаг агаарын мэдээлэл бүртгэж эхэлсэн цагаасаа хойших хамгийн халуун өдрийг үзжээ.
Тухайлбал тус улсын баруун бүсийн Хиого мужид агаарын температур энэ өдөр Цельсийн 41.2 хэм хүрсэн байна.
Аялал жуулчлалын томоохон төв Киото хотод өчигдөр агаарын температур 1880 оноос хойш анх удаагаа 40 хэм хүрснийг орон нутгийн эрх баригчид зарлажээ.
Мягмар гарагт Япон даяар ажилладаг цаг уурын 914 станцын 322 нь Цельсийн 35 хэмээс дээш халалтыг бүртгэсэн байна.
Эдгээрийн 38 нь өөрийн түүхэнд ажиглагдаж байгаагүй өндөр халалтыг бүртгэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Япон даяар 10,804 хүн агаарын хэт халалттай холбоотой эрүүл мэндийн асуудлын улмаас эмнэлэгт хүргэгдсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өмнө нь зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 6 хүртэлх долоо хоногт 10,053 хүн эмнэлэгт хэвтсэн нь хамгийн дээд үзүүлэлтэд тооцогдож байжээ. Үүнээс гадна 16 хүн өнгөрсөн долоо хоногт хэт халалтын улмаас амиа алдсаныг гамшигтай тэмцэх албаныхан мэдээлжээ.
Хүн амд эзлэх ахмад настны тоогоор дэлхийд зөвхөн Монакогийн дараа ордог Япон улсад агаарын хэт халалт эрүүл мэндийн ноцтой гамшиг үүсгэдэг.
Японоос гадна баруун Европын орнууд энэ зун агаарын хэт халалтын гамшигт нэрвэгдээд байгаа.
Тус бүс нутгийн ихэнх орнуудын хувьд өнгөрсөн сар түүхэнд нь тохиолдож байгаагүй халуун зургаадугаар сар болсон юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!