НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат орчмын 66 га талбайг усны хамгаалалтын бүсэд хамруулсан.
Улмаар тухайн бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсан 13 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлан, ухаж, эвдсэн талбайг нөхөн сэргээлгэхээр хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн.
Өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгж байгууллага 5.3 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.
Энэ талаар Нийслэлийн Байгаль Орчны Газар(НБОГ)-ын Хүрээлэн буй орчны ашиглалт хамгаалалтын хэлтсийн дарга Ж.Батзолбоо “Дээрх бүсэд хамаарах бусад 11 аж ахуйн нэгж байгууллагын 60.7 га талбайд нөхөн сэргээлтийг хийлгүүлэхээр мэдэгдэл, албан бичгийг удаа дараалан хүргүүлсэн. Гэсэн хэдий ч нөхөн сэргээлт хийгээгүй тул байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна” гэв.
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нийт 135 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Үүнээс 59 нь энэ онд үйл ажиллагаа явуулахаар ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан. Өнөөдрийн байдлаар 42 нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 24 ахуйн нэгж байгууллага нь 25.7 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөсөн байна.
Өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдрэлд орсон газрыг үржил шимтэй болгон байгалийг унаган төрхөд нь оруулах цогц ажлыг нөхөн сэргээлт гэж буй. Нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн хоёр үе шаттай хийдэг.
Ташрамд дурдахад нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрын тооллого судалгааг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар 2018 онд хийлгэхэд Багануурын уурхайн 1,179 га, Налайхын бичил уурхайн 338 га талбай нь тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн байна.
Харин үлдсэн 329 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэгдсэн хэмээн тоологдсон талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!