Ой, хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар ОБЕГ-ын холбогдох албаныхан дараах мэдээллийг өглөө.
Он гарснаас хойш Сэлэнгийн бүс нутагт хур бороо ороогүй учир тус бүс нутагт хуурайшилт хэт халалт маш өндөр байгаа юм байна. Улмаар нийт түймрээс 90 нь зөвхөн Сэлэнгэ аймгийн бүст гараад байгаа аж. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 11 түймэр, Мандал суманд 3, Хүдэр суманд 6 түймрийг унтраахаар нийт 670 гаруй иргэн 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна.
Ой хээрийн түймэр нь урт хугацаанд үргэлжилдэг, бартаа саад болон шатах масс ихтэй учир техник хэрэгсэл очих боломжгүй байдаг учир нисдэг тэргээр ОБЕГ-ын алба хаагчдыг буулгаж байгаа аж.
Хүдэр суманд гарсан түймрийг 10 дахь хоногтоо унтраахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үүлэнд нөлөөлөх байдлаар хур тунадас оруулах ажиллагааг хийж байгаа ч түймрийн голомт буюу Хан Хэнтийн тусгай хамгаалалтай бүсэд хур бороо орох боломж бүрдэхгүй байгаа аж.
Зургаадугаар сараас хойш Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа ба хүн явах боломжгүй уулын түймэрт явган явж гал унтрааж буй алба хаагчид, иргэд олон хоног үүрэг гүйцэтгэхэд маш хүндрэлтэй байгаа аж. Хэт халуунд даралт нь ихсэх, хачигт хазуулах зэрэг хүндрэлүүд бий гэв. Гэсэн ч бүх боломжоор хангаж нөөц бололцоогоо дайчлан түймэр унтраах явц тасралтгүй үргэлжилж байгаа гэдгийг онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!