Германы Райн Рурт болж буй Дэлхийн оюутны спортын зуны XXXII наадам "Универсиад-2025"-аас Монголын жүдоч Түвшинтөрийн Түмэнжаргал жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглож, анхны хүрэл медалийг авчирлаа.
Тэрбээр эхний даваанд Энэтхэгийн Л.Лаки, дараа нь Узбекистаны И.Ибрахимовыг буулган авсан ч хагас шигшээд Испанийн Барбоса Лопест дийлдсэн байна.
Улмаар хүрлийн төлөө Унгарын Л.Нажиг ялснаар энэ удаагийн оюутны спортын зуны наадмаас Монголын багийн анхны медалийг авчирлаа.
Энэ удаагийн Универсиад наадам долдугаар сарын 16-нд нээлтээ хийсэн. Дэлхийн 113 орноос 7,000 гаруй тамирчин 18 спортын төрөлд 234 багц медалийн төлөө өрсөлдөж буй юм.
Одоогийн байдлаар 45 орны оюутан тамирчин ямар нэгэн медаль хүртжээ. АНУ-ын баг 28 алт, 20 мөнгө, 24 хүрэл медалиар тэргүүлж буй бол БНХАУ-ын баг 19 алт, 20 мөнгө, 5 хүрэл, БНСУ 14 алт, 7 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.
Түүнчлэн 29 улсын оюутнууд алтан медаль хүртсэн юм.
Оюутны спортын зуны наадам энэ сарын 27-нд өндөрлөх хуваарьтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|