Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн цагдаа хуурамч элчин сайдын яам ажиллуулж байсан этгээдийг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн цагдаагийн газар Дели хотын ойролцоо түрээсийн орон сууцанд хуурамч элчин сайдын яам ажиллуулж байсан этгээдийг баривчилжээ.

Баривчилгааны үеэр түүнээс хуурамч дипломат дугаартай автомашинуудыг хурааж авсан байна.

Сэжигтэн хуурамч элчин сайдын дүрээр иргэдийг гадаадад ажилд оруулж өгөх залилангийн үйл ажиллагаа явуулж байсныг Уттар Прадеш мужийн цагдаагийн албаны төлөөлөгч Сушил Гуле мэдээлжээ.

47 настай Харшвардхан Жайн өөрийгөө “Себорга” буюу “Вестарктика” хэмээх улсын элчин сайд, элчин сайдын зөвлөх гэж хүмүүст танилцуулдаг байсан гэнэ.

Цагдаа нар түүний гэрээс дэлхийн олон орны удирдагчидтай хамт авхуулсан хуурамч гэрэл зургууд, Энэтхэгийн гадаад хэргийн яам болон дэлхийн 30 гаруй улсын хуурамч тамга тэмдэг илрүүлжээ.

Жайныг хилийн чанадад оффшор компанийн дансаар дамжуулан мөнгө угаасан, хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Хэд хэдэн улсын төрийн далбааг хатгасан түүний түрээсийн байрнаас хуурамч дипломат дугаартай дөрвөн автомашин, 4.5 сая орчим рупи ($50,000) болон бусад гадаад валют илрүүлснээ цагдаагийн төлөөлөгч мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press