Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар Хайнань арлын татваргүй бүсийн хүрээг өргөжүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятадын засгийн газар энэ оны сүүлээр Хайнань аралд бие даасан гаалийн дэглэм тогтоох болсноо өчигдөр зарлажээ.

Тухайлбал арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн тус арлын хил гаалийн үйл ажиллагаа эх газрынхаас тусдаа, хараат бус  ажилладаг болох гэнэ.

Ингэснээр 6,600 орчим төрлийн бараа бүтээгдэхүүн тэг татвартай болох юм байна. Хайнань аралд импортлогдсон нийт бараа бүтээгдэхүүний 21 хувь татваргүй байсан бол шинэ журам нэвтэрснээр 74 хувьд хүрч байгаа ажээ.

Үүнээс гадна эх газарт импортлохыг хориглодог зарим төрлийн бараа бүтээгдэхүүн Хайнань аралд зөвшөөрөгдөхөөр болж байгааг Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хорооны дэд дарга Ван Чанлин өчигдөр мэдээлжээ.

“Хайнань арлыг олон улсын зах зээлтэй илүү сайн холбох нь Хятадын шинэчлэл, нээлттэй бодлогод чухал ач холбогдолтой юм” гэж тэр хэлсэн байна.

“Энэ арга хэмжээ нь орон нутгийн аж үйлдвэрийн сүлжээг өргөжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн кластерын үр нөлөөг нэмэгдүүлэх болно” гэж хэвлэлийн хуралд оролцсон Хятадын сангийн дэд сайд Ляо Мин хэлжээ.

Долоон жилийн өмнө Хайнань мужийг олон улсын чөлөөт худалдааны боомт болгох ерөнхий төлөвлөгөөг Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин зарлаж байв.

Үүний үр дүнд 2020-2024 онд тус мужид орсон гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх 32 жилийнхээ нийлбэр дүнгээс давсныг албаны тоо баримт харуулж байна.

Сүүлийн дөрвөн жилийн турш Хайнаний импорт, экспортын жилийн өсөлт дунджаар 30 гаруй хувьтай байжээ.

Одоо тус аралд дэлхийн 85 улсын иргэд визгүй зорчих боломжтой байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post