Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан бол шүүх гэрлэгчдийг эврүүлэх арга хэмжээ авдаггүй талаар бодит жишээг шүүхээс мэдээлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т “...гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.” гэж заасан байдаг аж.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасан “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон байх”-ыг ойлгодог байна.
Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Т нь хариуцагч Ө-ийн байнгын хүчирхийлэл, дарамтад өртдөг, түүнд зодуулсны улмаас уруулаа сэтлүүлж, үүдэн шүд нь унасан зэрэг нөхцөл байдлын талаар дурдаж, энэ талаарх гэрэл зургийг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн тул шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэж үзэж, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэрлэгчдийн гэрлэлт цуцлуулах шалтгаан нь хариуцагч Ө-ийн байнга архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нөхцөл байдлаас шалтгаалсан байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т, Ө нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин А, хүү А нарыг нэхэмжлэгч Т-ийн асрамжинд үлдээж, эцэг Ө-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!