Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд өчигдөр орой 2.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Одон орон геофизикийн хүрээлэн

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) өчигдөр буюу долдугаар сарын 22-ны 23:35:27 цагт 2.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Тус газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV балл байсан бөгөөд Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь Эхийн ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. 

Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны оргилд ажиллаж байгаа хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.

Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт бол газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг аж. 

  • 2.5 магнитуд зөвхөн багажинд бичигдэнэ.
  • 2.5-5.4 хүн мэдэрнэ, яльгүй гэмтэл үүсэж болно.
  • 5.5-6.0 магнитудад бага зэргийн эвдрэл учруулна.
  • 6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулна.
  • 7.0-7.9 магнитудад хүчтэй эвдрэл сүйтгэл их,
  • 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход маш хүчтэй буюу Эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ гэж үздэг байна. 

Зөвлөмж

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
  • Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
  • Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
  • Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
  • Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
  • Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
  • Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.