Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын чуулган Эпштейний асуудлыг хэлэлцэхээс өмнө завсарлахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Трамп, Эпштейн нар найз бүсгүйчүүдийн хамт

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон эрх мэдэл, нэр алдартай хүмүүст залуу охидыг зуучилдаг байсан гэх санхүүч Жефри Эпштейн агсны асуудлыг хэлэлцэх оролдлогыг таслан зогсоохын тулд чуулганыг эрт завсарлуулахаар болсноо мэдэгджээ.

Эпштейний үйлчлүүлэгчдийн жагсаалтыг ил болгох хоёр намын шахалт эрчимжсэний дараа төлөөлөгчдийн танхимы гол байнгын хороо түүний найз бүсгүй асан Гислейн Максвеллийг сонсголд дуудах асуудлаар санал хураасан нь Жонсоныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.

Максвеллийн хуулийн баг АНУ-ын засаг захиргаатай энэ талаар хэлэлцэж, үнэн зөв мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Төлөөлөгчдийн танхимын чуулганы зуны завсарлага есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.

Спикер Жонсон гаргасан шийдвэрээ Ардчилсан Намын улс төрийн тоглолтыг зогсоохын тулд гэж тайлбарлажээ.

“Ил тод байдал ямар байх ёстой талаар тэднээр заалгаж ханалаа” гэж спикер хэлсэн байна.

Гэхдээ Эпштейний хэргийн баримтуудыг ил болгох шаардлагыг Бүгд Найрамдах Намын гишүүд ч бас тавьж байгаа юм.

Долдугаар сарын 6-нд АНУ-ын хууль зүйн яам, Холбооны Мөрдөх Товчооны албан тушаалтнууд “Эпштейний үйлчлүүлэгчдийн жагсаалт” гэгдэж буй зүйл огт байхгүйг зарласан нь Трампын “MAGA” (Make America Great Again) фракцын дотор хагарал үүсгээд байгаа.

Жефри Эпштейн нь шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сард Нью-Йоркын шоронд нас барсан юм. Түүнийг амиа хорлосон гэж тухайн үед зарласан ч үйлчлүүлэгчдийнх нь дотор эрх мэдэл, нэр хүндтэй хүмүүс байсантай холбоотой хорлогдсон байх гэсэн сэжиг таамаг яригдах болсон.

Эпштейний хэрэгтэй холбоотой бичиг баримтыг нууцаас ил гаргахаас татгалзсаны дараа Трампын нэр хүнд нэлээд унаад байна. Үйлчлүүлэгчдийн жагсаалт дотор түүний нэр байж болзошгүй гэж зарим хүмүүс үздэг.

Олны бухимдлыг дарахын тулд Трамп өнгөрсөн долоо хоногт Эпштейний хэрэгтэй холбоотой шүүхийн мэдүүлгүүдийг ил болгохыг ерөнхий прокурор Пэм Бондид даалгаж байв.

Эпштейн агсны найз бүсгүй Британийн иргэн Максвелл бага насны охидыг бэлгийн мөлжлөгт ашиглахад тусалсан хэргээр 2022 оны зургаадугаар сард шүүхээс 20 жилийн хорих ял сонссон юм.

Энэ оны эхээр Максвелл өөрийнхөө хэргийг дахин хянаж үзэх хүсэлтийг АНУ-ын дээд шүүхэд гаргаж байв.

Хууль зүйн яам өнгөрсөн долоо хоногт түүний хүсэлтийг хүлээж авахгүй байхыг дээд шүүхэд уриалсан байна.

 

Эх сурвалж: BBC