Хүнд металл рок хөгжмийн “Black Sabbath” хамтлагийн дуучин Оззи Осборн өчигдөр 76 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь мэдээллээ.
2019 онд Паркинсоны өвчтэй нь оношлогдсон дуучин хоёр долоо хоног гаруйн өмнө төрөлх хот Английн Бирмингэмд сүүлчийн тоглолтоо хийж байжээ.
Хард рок хөгжмөөс гаралтай хүнд металл хөгжмийн анхдагчдын нэг Осборны “Black Sabbath” хамтлаг 1970-аад оны үед асар их амжилт олж байв.
“Харанхуйн ханхүү” хочтой тэрбээр нэг удаа тайзан дээр сарьсан багваахайн толгойг тас хазаж, дуулиан тарьж байсан юм.
1948 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Бирмингэм хотод төрөхдөө Жон Майкл Осборн нэр авсан тэрбээр 15 настайдаа сургуулиа хаясны дараа хэд хэдэн ажил дамжиж, нэг удаа үйлдвэрт хүртэл ажиллаж байсан гэдэг.
Сүүлд тэр сургуулийн найз Гизер Батлерын хамт хөгжмийн замналаа эхэлж байжээ.
Хожим бас “The Osbournes” нэртэй телевизийн реалити шоунд оролцож байв.
Хэдхэн хоногийн өмнө Осборн төрөлх Бирмингэм хотынхоо Вилла Парк цэнгэлдэх хүрээлэнд 42,000 шүтэн бишрэгчийнхээ өмнө үдэлтийн тоглолтоо зохион байгуулсан юм.
“Энэ бол хамгийн сүүлчийн дуу. Та бүхний дэмжлэг бидэнд гайхалтай хэв маягаар амьдрах боломжийг олгосон юм. Чин сэтгэлээсээ баярлалаа” гэж тэр хамтлагийнхаа хамгийн алдартай дуу “Paranoid”-ыг дуулсны дараа хэлж байжээ.
Jane’s Addiction хамтлагийн Дэйв Наварро 2010 онд “Rolling Stone” сэтгүүлд бичихдээ “Black Sabbath бол хүнд металлын Битлз юм. Металл хөгжим сонсдог хүн бүр ингэж хэлнэ” гэж байв.
Осборн амьдралынхаа турш хоёр удаа гэрлэж, зургаан хүүхдийн эцэг болж байжээ. Одоогийн гэргий Шэронтойгоо 1982 онд гэрлэсэн бөгөөд тэд Кэлли, Эйми, Жэк нэртэй гурван хүүхэдтэй юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!