Саяхан болж өнгөрсөн Олон Улсын Математикийн Олимпиадын үеэр хиймэл оюуны загвар нь алтан медалийн болзол хангасныг Google, OpenAI компаниуд тус тусдаа зарлажээ.
Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Олон Улсын Математикийн Олимпиадын алтан медалийн болзлыг хиймэл оюунт машин хангасан анхны тохиолдол юм байна.
Хоёр компанийн аль алиных нь хөгжүүлсэн ерөнхий зориулалтын загварууд зургаан бодлогын тавыг нь “өөрөө уншиж ойлгоод” бодож чаджээ.
Үүнээс өмнө зөвхөн математикийн бодлого бодоход тусгайлан сургасан хиймэл оюуны загварууд машин ойлгоход тохируулж хөрвүүлсэн бодлого бодож байсан юм байна.
Австралийн Күинслэнд мужийн Саншайн Кост хотод зохион байгуулагдсан 66 дахь Олон Улсын Математикийн Олимпиадад 630 сурагч оролцсоны 67* нь буюу 11 орчим хувь нь алтан медалийн болзол хангасан юм.
Энэ жилийн олимпиад анх удаагаа хиймэл оюуны компаниудын загварыг албан ёсоор оролцуулж, бодолтыг нь шүүж байгаагаараа онцлог болсон байна.
Эх сурвалж: Reuters
67* - Албан ёсоор оролцсон улсуудын сурагчид авсан алтан медалийн тоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!