Эцэг эхийнх нь удамшлын өвчнийг өвлөгдөхөөс сэргийлэх зорилгоор гурван хүний ДНХ-тэй найман хүүхдийг Их Британид эсэн мэнд төрүүлснээ эрдэмтэд зарлажээ.
Энэ бол хүний генийг засварлах зориулалттай шинэ IVF (In Vitro Fertilization) технологийг бодит амьдрал дээр туршсан анхны тохиолдол юм.
Британийн Ньюкэсл Их сургууль, Австралийн Монаш Их сургуулийн эрдэмтдийн гүйцэтгэсэн туршилтын үр дүн Лхагва гарагт анагаах ухааны хэд хэдэн сэтгүүлд нийтлэгджээ.
5,000 төрөлт тутамд тохиолддог удамшлын өвчнүүдийг эмчлэх боломжгүй байдаг ба тэдгээр нь хараа муудах, булчин сулрах зэрэг ноцтой эмгэгүүдийг үүсгэдэг юм.
2015 онд Их Британийн эрх баригчид эхийн өндөг, эцгийн эр бэлгийн эс болон донорын өндөгнөөс авсан бага хэмжээний митохондрын ДНХ-ийг ашиглан хүүхэд төрүүлэх журмыг баталж байв.
Энэ шинэ аргаар “гурван эцэг эхтэй” хүүхдүүд төрөх нь ёс зүйд нийцэх эсэх маргаан дэгдэж байсан ч хүүхдийн ДНХ-ийн ердөө 0.1 хувийг донороос авдаг гэсэн тайлбарыг судлаачид өгч байжээ.
Зүүн хойд Английн Ньюкэсл хотын эрүүл мэндийн төвд 22 эмэгтэй ийм эмчилгээ хийлгэснээс дөрвөн хүү, дөрвөн охин мэндэлсэн юм байна.
Тэдний хамгийн бага нь одоо зургаан сартай, хамгийн том нь хоёр ой хүрээд байгаа гэнэ.
Хүүхдүүдийн зургаагийнх нь митохондрын ДНХ-ийн мутацид орсон хэмжээ 95-100 хувиар, үлдсэн хоёрынх нь 77-88 хувиар буурсан нь удамшлын өвчин үүсгэх босго хэмжээнээс доогуур үзүүлэлт юм байна.
Хүүхдүүд одоогоор эрүүл саруул бойжиж байгаа бөгөөд тэдний эрүүл мэнд урт хугацааны турш судлаачдын хяналтад байх ажээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!