Украинд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөг танилцуулахдаа Трамп дайн дуусгах 50 хоногийн хугацааг Оросын талд өгөв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт НАТО-гийн тэргүүнтэй Цагаан ордонд уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улс их хэмжээний зэр зэвсгийг Европын орнуудаар дамжуулан Украинд нийлүүлэхээр болсныг зарлалаа.

Мөн эхлүүлсэн дайнаа дуусгах 50 хоногийн хугацааг Оросын талд өгч, биелүүлээгүй тохиолдолд маш хатуу хориг арга хэмжээгээр шийтгэхээ амласан байна.

“Бид Украинаар хүссэн зүйлийг нь хийлгэхийг хүсэж байна” гэж Трамп энэ үеэр хэлжээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Украиныг шаардлагатай бүх зүйлээр хангах” бөгөөд төлбөрийг нь Европын холбоотнууд хариуцахаар болсныг дуулгасан юм.

Тухайлбал Европын орнууд өөрт байгаа бүх агаарын довтолгооноос хамгаалах Патриот системийг Украинд нийлүүлж, орлуулах зэвсгийг АНУ тэдэнд нийлүүлэхээр болжээ.

Патриот бол Украины тал Оросын агаарын довтолгоог эсэргүүцэхэд шаардлагатай байгаа гол зэвсэг юм.

Патриотоос гадна ямар зэвсэг илгээх талаар Трамп, Рютте нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч олон тэрбумын үнэ өртөг бүхий “хамгийн шилдэг” зэвсгүүдээ хурдан хугацаанд нийлүүлэхийг АНУ-ын ерөнхийлөгч амлажээ.

“Хэрвээ би Владимир Путиний оронд байсан бол Украины дайныг зогсоох асуудалд илүү нухацтай анхаарал хандуулах байсан” гэж Рюттег хэлэхэд Трамп толгой дохиж байв.

Трампыг Рюттетэй уулзсаных нь дараа утсаар ярьж талархал илэрхийлснээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсаараа мэдэгджээ.

“Оросын халдлагаас хүмүүсийг илүү сайн хамгаалах, байр сууриа бэхжүүлэхэд шаардлагатай арга хэрэгсэл, шийдлийн талаар ерөнхийлөгчтэй ярилцлаа. Бид энх тайван тогтоохын тулд аль болох үр бүтээлтэй ажиллахад бэлэн байна” гэж тэр хэлсэн байна.

Хэрвээ Орос улс 50 хоногийн дотор Украинтай энхийн хэлэлцээ байгуулахгүй бол худалдааны түншүүдэд нь 100 хувийн импортын татвар ногдуулахыг Трамп өчигдөр бас мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл Оростой худалдаа хийдэг улс бүхэн АНУ-д бараа бүтээгдэхүүнээ ийм өндөр татвартай экспортолдог болно гэсэн үг.

Жишээлбэл Энэтхэг улс Оросын газрын тосыг худалдаж авсаар байх юм бол бараа бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд 100 хувийн өндөр татвартай нийлүүлдэг болно.

Энэтхэг, Хятад зэрэг улсуудад газрын тос нийлүүлсэн орлогоороо өнөөдөр Орос улс Украины дайныг санхүүжүүлж байгаа юм.

Газрын тос, байгалийн хий Оросын нийт орлогын бараг гуравны нэгийг, экспортынх нь 60 гаруй хувийг бүрдүүлдэг тул 100 хувийн татвар Москвад том цохилт болох магадлалтай.

Путинтэй утсаар ярьсны дараа Оросын тал Украины эсрэг агаарын цохилтоо эрчимжүүлдэгт дургүйцэж байгаагаа Трамп илэрхийлсэн байна.

“Гурав, дөрвөн удаа ийм зүйл болсны дараа яриа худал байсныг ойлгосон. Би түүнийг алуурчин гэж хэлмээргүй байгаа ч хатуу хүн гэдгийг мэднэ. Өнгөрсөн олон жилийн хугацаанд тэр Клинтон, Буш, Обама, Байден зэрэг олон хүнийг хуурсан. Тэр намайг хуураагүй. Одоо тэр яриа биш, үйлдлээ харуулах ёстой” гэж Трамп хэлжээ.

Кремлийн хэвлэлийн алба Трампын мэдэгдлийн талаар байр сууриа илэрхийлээгүй байна.

Харин Путинийг тойрон хүрээлэгсэд энэ талаар сэтгэгдлээ хуваалцаж эхэлжээ.

Путиний туслах асан Сергей Марков дээрх мэдэгдлийг Трамп “Украинд энх тайван тогтоох зорилгоосоо татгалзсан хэрэг” гэж дүгнэсэн байна.

Думын гишүүн Константин Косачев өмнөх ямар ч хориг арга хэмжээ үр дүнгээ өгөөгүйг бөгөөд 50 хоногийн дараа тулааны талбарт төдийгүй АНУ болон НАТО-гийн эрх баригчдын сэтгэл санаанд өөрчлөлт гарч болзошгүйг урьдчилан сануулжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ХАХА
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
БАХАРХМААР
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа