Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Уудам талд цацсан хамтын ажиллагааны үр соёолон ургаж, улмаар олон сайхан цэцэг дэлгэрэх лугаа адил амжилттай ажиллаасай"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатныг хүндэтгэн долдугаар сарын 8-нд төрийн зоог барилаа. 

Хүндэтгэлийн төрийн зоог дээрх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. 



зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх,
Тэргүүн хатагтай Л.Болорцэцэг болон
Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид оо

/Та бүхэнтэй дахин уулзсандаа таатай байна/

Юуны өмнө, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай мөн Монголын ард түмэн, намайг Хатны хамт Монгол Улсад халуун дотноор хүлээн авч буйд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Гурван жилийн өмнө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нарыг ордондоо хүлээн авахын зэрэгцээ Монголын Морин хуурын чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхсон маань тун сайхан дурсамж болон үлджээ.

Миний бие 2007 онд анх удаа Монгол Улсад айлчлал хийж байсан бөгөөд тэр үед үзэж харсан бүхий л зүйл минь гүн сэтгэгдэл төрүүлж, одоо ч нандин эрдэнэ мэт эрхэм санагддаг. Харин энэ удаа Япон Улсын Эзэн Хааны хувиар Монгол Улсад хийж буй анхны айлчлал маань хоёр орны найрамдалт харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд хөтлөөсэй хэмээн хүсэхийн сацуу Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцох боломж тохиосонд туйлын их баяртай байна. Түүнчлэн, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчийн санаачилгаар наадмын нээлтийн өдөр болох долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгохыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэмжсэн нь ач холбогдолтой хэмээн бодож байна.

Миний бие хоёр өдрийн өмнө Монгол оронд зочлон ирсэн бөгөөд эдийн засгийн өсөлттэй уялдан өмнө ирж байснаас ч илүү Монголын нийгэм эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэж байна. Мөн, өвс модод хөх тэнгэрийн дор, бие биенээсээ уралдан тэнгэр өөд тэмүүлэн ургаж, гоёмсог цэцэгс дэлгэрэх хамгийн үзэсгэлэнтэй улиралд Хатны хамт Монгол Улсад айлчлах завшаан тохиосонд туйлын их баяртай байна.

Япон Улс болон Монгол Улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүн гүнзгий харилцааны үндэс суурь нь хүн хоорондын хэлхээ холбоо юм. Өмнөх айлчлалын үеэр миний бие тухайн үеийн хоёр орны харилцаа оргилдоо хүрээгүй байна гэж хэлж байсан. Жишээлбэл, 2007 онд Япон Улсад 1,100 орчим монгол оюутан суралцаж байсан бол өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд энэ тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. 

Айлчлалын үеэр Японд төгсөгчдийн амжилттай ажиллаж буй боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай танилцахаар төлөвлөж байгаа бөгөөд Монголын ирээдүйг авч явах хойч үеийнхэн болон Японд суралцаж ирээд залгамж үеэ удирдан чиглүүлж байгаа эрхмүүдтэй уулзах гэж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. 

Өмнөх айлчлалын үеэр монголчууд “Хувьтай хүн хурнаар” хэмээн бороог ихээхэн бэлгэшээдэг болохыг мэдсэн бөгөөд хур тунадас багатай, хуурай уур амьсгалтай бүс нутагт амьдардаг хүмүүсийн хувьд, ус бол “Чандмань эрдэнэ” гэдгийг мэдэрсэн билээ. Өчигдөр миний бие Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар болон Гачууртын усны эх үүсвэртэй танилцсан бөгөөд амьдралыг тэтгэгч усны нөөцийг тогтвортой хамгаалах асуудлыг шийдвэрлэхийн төлөө хоёр орны хүмүүс хамтран ажиллаж байгааг хараад сэтгэл минь хөдөлсөн билээ. Аз тохиож Гачууртад бороо орж байсан.

Хэцүү бэрх цагт хоёр орны ард иргэдийн нөхөрлөл, сайхан сэтгэлийн үнэ цэнийг мэдэрдэг. 1995 оны Ханшин-Аважи, 2011 оны Зүүн хойд бүс нутаг, 2024 оны Нотогийн хойгт болсон хүчтэй газар хөдлөлт зэрэг байгалийн томоохон гамшиг тохиолдох үед Монголын ард түмэн цаг алдалгүй Японы ард түмэнд тусламжийн гараа сунгасан билээ. Бидэнд урам зориг өгсөн монголчуудын халуун сэтгэлийг мартахын аргагүй юм.

Өнөөдрийн, хоёр орны гүн гүнзгий найрамдалт харилцаа, түүнд тулгуурласан хүний нөөцийн хөгжил, бүтээх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин зэрэг олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны хөгжлийн үндэс суурь нь дипломат харилцаа тогтоохоос өмнөх хоёр орны ахмад үеийнхний олон жилийн хамтын ажиллагаа байсныг мартаж болохгүй хэмээн боддог юм. Хоёр орны харилцааны хөгжилд зүрх сэтгэлээ зориулан, олон саад бэрхшээлийг даван туулж, хүч чадлаа дайчилж ирсэн бүхий л хүмүүст гүн хүндэтгэлээ илэрхийлж байна.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны нөөц бололцоо нь Монгол орны уудам тал нутаг мэт зах хязгааргүй билээ. Цаашид хоёр орны гүүр болох залуу үеийнхэн маань ахмад үеийнхнийхээ үйл хэргийг залгамжилж, уудам талд цацсан хамтын ажиллагааны үр соёолон ургаж, улмаар олон сайхан цэцэг дэлгэрэх лугаа адил амжилттай ажиллаасай. Мөн залуучууд тэрхүү шинэлэг эрч хүчээ бүрэн дүүрэн дайчилснаар хоёр орны харилцаа Монголын хөх тэнгэр мэт өндрөөс өндөрт мөнхөд өргөжин хөгжөөсэй хэмээн хүсэж байна.

Өнөөдрийн гайхалтай сайхан оройн зоогийг барьж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У. Хүрэлсүх болон Тэргүүн хатагтай Л. Болорцэцэг нарт талархлаа илэрхийлэхийн хамт Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч болон түүний гэргий мөн хоёр орны ард түмэнд эрүүл энх, аз жаргалыг түүнчлэн Япон Улс, Монгол Улсын харилцаа улам бүр цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

зураг