Францын туялзуур сэлэмний тамирчин Ясаора Тибусын сэргээшийн хэргийг “найзтайгаа үнсэлцэх үеэр хориотой бодисоор хордсон” үндэслэлээр хүчингүй болгож байгаагаа Спортын Арбитрын Шүүх (Cas) өчигдөр зарлажээ.
2009 онд Францын теннисчин Ришар Гаскетийг ийм үндэслэлээр сэргээшийн шийтгэлээс чөлөөлж байсныг тухайн үед хэвлэлүүд “кокаин үнсэлт” хэмээн нэрлэж байв.
Сэргээш хэрэглэснийх нь төлөө Тибусын тэмцээнд орох эрхийг дөрвөн жилээр цуцлах Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлагийн (WADA) давж заалдсан хүсэлтийг Cas ийнхүү хэрэгсэхгүй болгосон байна.
2024 оны нэгдүгээр сард Тибусын биеэс остарины анаболик төрлийн бодис илэрч байжээ. Дараа нь Парисын зуны олимп эхлэхээс долоо хоногийн өмнө Олон Улсын Туялзуур Сэлэмний Холбоо түүнд тэмцээнд орохыг зөвшөөрсөн байна.
Тухайн үед Cas түүнийг “өөрт нь мэдэгдэлгүй остарин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсэн найзтайгаа үнсэлцсэн” үндэслэлээр цагаатгаж байжээ.
WADA энэ шийдвэрийг нь давж заалдсаныг Cas өчигдөр дахин хэрэгсэхгүй болгосон юм.
“Хатагтай Тибусын биеэс илэрсэн остарины тун түүнтэй үнсэлцсэн хамтрагчийнх нь шүлснээс илэрсэн тунгийн хэмжээтэй тохирч байгааг бид шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон” гэж Cas өчигдөр мэдэгджээ.
Тибусын найз залуу 2024 оны нэгдүгээр сарын 5-наас остарин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн бөгөөд үүнээс хойш есөн өдрийн хугацаанд уруулаар нь дамжин Тибусын биед остарин хуримтлагдсан гэж тайлбарласан байна.
Тибусын найз залуу олимпын хошой хүрэл медальт АНУ-ын туялзуур сэлэмний тамирчин Рэйс Имбоден байжээ.
Тибус өөрөө Токиогийн зуны олимпын наадмын эмэгтэй багийн төрөлд мөнгөн медаль зүүсэн юм. Парисын олимпын наадамд тэр багийн төрөлд тавдугаар байр, хувийн төрөлд 28 дугаар байр эзэлж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!