Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Путин ажлаас нь чөлөөлсний дараа ОХУ-ын тээврийн сайд амиа хорложээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын тээврийн сайд Роман Старовойт амиа хорлосон байдалтай олдсоныг тус улсын мөрдөн байцаах дээд байгууллага өчигдөр зарлажээ.

Үүнээс хэдхэн цагийн өмнө буюу Даваа гарагийн өглөө ерөнхийлөгч Владимир Путин түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм.

Старовойтыг огцруулсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд түүний оронд дэд сайд Андрей Никитин үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.

ОХУ-ын Мөрдөн Байцаах Хороо үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Сайдын цогцос бууны сумны шархтай олджээ.

Старовойт 2024 оны тавдугаар сард тээврийн сайдын албан тушаалд томилогдож байсан юм.

Үүнээс өмнө тэр Курск мужийн захирагчаар зургаан жил ажиллажээ.

Курск бол өнгөрсөн оны наймдугаар сард Украины цэргийн халдлагад өртөж, их хэмжээний газар нутгаа алдаж байсан муж юм.

Саяхан Оросын батлан хамгаалах яам Курскийг бүрэн чөлөөлснөө зарласан. Гэхдээ Украины тал бага хэмжээний газар нутагт хяналтаа тогтоосон хэвээр байгааг өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Старовойтыг залгамжилсан Алексей Смирнов мужийн захирагчийн албан тушаалыг богино хугацаанд хашсаны дараа энэ оны дөрөвдүгээр сард баривчлагдсан юм.

Түүнийг Украинтай хил залгаа нутагт бэхлэлт байгуулахад зориулан хуваарилсан хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байв.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт Старовойт бас холбогдсон юм байна.

Даваа гарагийн өглөө Старовойтыг нас барсныг зарлахаас өмнө сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос түүнийг огцруулах болсон шалтгаан “Путиний итгэлийг алдсан”-тай холбоотой эсэхийг асууж байлаа.

Песков “Итгэл алдсан бол итгэл алдсан гэж бичих ёстой. Захирамжид ийм үг хэллэг ашиглаагүй байсан” гэж энэ асуултад хариулжээ.

 

Эх сурвалж: BBC