Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аубакир: Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулахаар нийгмийн ажилчид уяачдад шаардлага тавьж ажиллана

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа. 

Тодруулбал ахмадын тэтгэврийн зээл, хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөл байгуулах болон бусад тодорхой шийдвэрийн талаар дараах мэдээллийг хүргэсэн юм.

Энэ тухайд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлэхдээ "Ахмадын тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, түүний дараа Ерөнхий сайд Монголбанкны Ерөнхийлөгчтэй санал солилцож дээрх асуудлыг шийдлээ.

Өнөөдөр Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаад бүх банканд чиглэл өгсөн.

Өөрөөр хэлбэл ямар нэгэн хугацаа хязгаарлалтгүйгээр ахмадуудын зээлийг буцааж хэвэнд нь оруулах шийдвэрийг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлөөр гаргасан. 

Одоо авсан мэдээллээр Хаан банк ямар нэгэн саадгүй зээл олгож эхэлсэн байна. Төрийн банк бага зэрэг удаашралтай байна гэсэн асуудал яригдаж байгаа. Ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудал бүрэн шийдэгдлээ гэж ойлгож болно" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөл байгуулах шийдвэрийг өглөө.

Хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөл байгуулах бүтэц, цаашдын чиг хандлага, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахын тулд төр, засаг ямар арга хэмжээ авч ажиллах ёстой юм бэ гэдгийг үндсэндээ баяр наадам дамнуулаад тодорхой шийдвэрт хүрэх байх.

Ялангуяа баяр наадам дөхсөн энэ үед унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, осол эндэгдэлтэй холбоотойгоор нэг ч хүүхэд эндэх ёсгүй гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс өнгөрсөн онд 833 нийгмийн ажилтны орон тоо бий болгож бүх хороо, суманд нийгмийн ажилтантай болсон.

Наадамд морь унаж уралдаж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийгмийн ажилчид баяр наадам зохион байгуулж буй комисс, уяачдад шаардлага тавьж ажиллана.

  • Морь унахад зориулагдсан тусгай хэрэглэлээ бүрэн хангасан байна уу?
  • Наймаас доош насны хүүхдүүд үү? гэдгийг анхаарна. 

Хуулиараа наймаас доош насны хүүхэд морь унах хориотой. Тиймээс эдгээр зөрчлийг арилгуулах хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 833 нийгмийн ажилтнаараа дамжуулаад ЗДТГ, баяр зохион байгуулах комисст зөвлөмж өгч ажиллаж байна.

Энэ хүрээнд Ерөнхий сайд өнөөдөр хүчирхийлэлтэй тэмцэх хороог байгуулах үүрэг чиглэлийг өглөө" гэдгийг  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ярив.