Өмнөд Солонгосын Дэгү хотын захиргаа нэг айлаас 80 тонн хуримтлагдсан хог илрүүлж, гэр бүлийн гишүүдийг нь сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэхээр албадан хэвтүүлжээ.
Хуримтлагдсан их хогийг цэвэрлэх ажил өнгөрсөн сард гурван өдөр үргэлжилж дууссаныг эрх баригчид Пүрэв гарагт мэдээлсэн байна.
Тухайн гэр бүл 60 гаруй насны нэг эмэгтэй, түүний 40 гаруй настай хоёр хүүхдээс бүрдэж байжээ.
Хүүхдүүдийн бага нь болох эрэгтэй оюуны ноцтой хомсдолтой, ээж болон эгч нь Плюшкиний эмгэг гэгддэг эд хөрөнгөөс салж чаддаггүй сэтгэцийн өвчтэй хүмүүс байсан байна.
Тэднийг сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлсний дараа хотын захиргааныхан удаан ятгасны эцэст гэрийг нь цэвэрлэх зөвшөөрөл авч чадсан гэнэ.
Асар их хог хуримтлагдсаны улмаас хортон шавж үүрлэж, эвгүй үнэр гарах болсон тул хөршүүд нь гомдол гаргаснаар энэ асуудал илэрч байжээ.
Дэгү хотын эрх баригчид өмнө нь хогоо хаяхыг олон удаа ухуулж, 2020 оноос хойш 11 удаа хэсэгчлэн цэвэрлэсэн ч тухайн айл хог хаягдлаа үргэлжлүүлэн хураасаар байсан байна.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост нийгмээс тусгаарлагдсан ихэнхдээ сэтгэцийн асуудалтай хүмүүс эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд амьдарч байсан тохиолдлууд илрэх болжээ.
Тухайлбал дээр дурдсан Плюшкиний эмгэгтэй хүмүүсийн тоо 2018-аас 2022 оны хооронд 42 хувиар өссөнийг Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын Албаны тоо баримт харуулж байна.
Эх сурвалж: The Korea Herald
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!