Өмнөд Америкийн Суринам улсын парламент өчигдөр буюу Ням гарагт тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн томилгоог дэмжжээ.
Ингэснээр доктор, парламентын спикер асан Женифер Саймонс газрын тосны их баялгийнхаа үр шимийг хүртэхийн ирмэг дээр байгаа энэ улсын ерөнхийлөгч болж байна.
Зургаан долоо хоногийн өмнө болсон парламентын сонгуульд Суринамын гол хоёр нам хүч тэнцсэн тул эвслийн засгийн газар байгуулагдахад хүрсэн юм.
Тухайлбал тавдугаар сарын 25-ны сонгуулийн үр дүнд гол сөрөг хүчин Саймонсын Үндэсний Ардчилсан Нам 18 суудал, одоогийн ерөнхийлөгч Чан Сантохигийн Дэвшилтэт Шинэчлэлийн Нам 17 суудал авч, бусад жижиг намууд нийт 16 суудал авч байв.
Суринам улс ерөнхийлөгчөө шууд бус замаар сонгодог тул ерөнхийлөгчийн томилгоог парламентад суудал авсан намууд тохиролцох хэрэгтэй болсон юм.
“Би энэ албан тушаалд зүтгэхэд бэлтгэгдсэн хүн бөгөөд бүх мэдлэг чадвараа байгалийн баялгийг бүх ард түмэндээ хүртээмжтэй болгохын төлөө зориулах болно” гэж 71 настай Саймонс томилогдсоныхоо дараа хэлжээ.
Ингэхдээ тэр залуучууд болон нийгмийн эмзэг хэсэгт илүү анхаарал хандуулахаа амласан байна.
Цагдаагийн газрын дарга асан одоогийн ерөнхийлөгч 66 настай Чан Сантохи улиран сонгогдохоор өрсөлдсөн ч нийгмийн эмзэг хэсгийг хамгаалахад хүчин чармайлт гаргаагүй хэмээн шүүмжлүүлж байсан юм.
1975 онд Нидерландын колоничлолоос салсан Суринам улс эргээсээ холгүй тэнгисийн ёроолд газрын тос, байгалийн хийн асар том орд илрүүлээд байгаа.
Францын эрчим хүчний аварга компани Total Energies удирдаж байгаа “The Gran Morgu” төсөл 2028 оноос үйлдвэрлэлээ эхлүүлэх юм.
Суринамын хөрш Гайана улс мөн байгалийн нөөцөө баялаг болгосны үр дүнд өнгөрсөн онд эдийн засаг нь 43.6 хувиар өсөж байв.
Одоо 600,000 гаруй хүн амтай Суринамын өсөлт ирэх цаг болсон гэж ажиглагчид үзэж байгаа.
Өнгөрсөн сонгуулийн гол сэдэв 2030 он хүртэл ажиллах шинэ засгийн газар ирээдүйд орж ирэх баялгийг хэрхэн зөв зарцуулах байсан юм.
Ямартай ч баялгийг хуваарилах эрх мэдлийг авсан эвслийн засгийн газар байгуулагдаж, шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол долдугаар сарын 16-нд товлогджээ.
Саймонс нь 2020 он хүртэл арван жилийн хугацаанд парламентын спикерээр ажилласан туршлагатай хүн юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!