Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Археологичид 3,500 жилийн өмнө оршиж байсан хотын туурийг Перу улсын нутгаас илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Перу улсын хойд бүсийн Барранка мужийн нутаг дэвсгэрээс эртний хотын туурь илрүүлснээ хэсэг археологичид өнгөрсөн долоо хоногт зарлажээ.

3,500 орчим жилийн өмнө оршиж байсан Пенико нэртэй энэ хотыг Номхон далайн эргийн оршин суугчдыг Андын нуруу, Амазоны сав газрын оршин суугчидтай холбодог худалдааны чухал төв байсан гэж судлаачид үзэж байна.

Перугийн нийслэл Лима хотоос хойд зүгт 200 км зайд уг хотын туурь илэрсэн юм. Далайн түвшнээс 600 метрийн өндөрт оршиж байсан энэ хотыг Нийтийн Тооллын Өмнөх 1800-аас 1500 оны хооронд буюу Ойрх Дорнод, Ази тивд эртний соёл иргэншлүүд цэцэглэн хөгжиж байх үед байгуулагдсан гэж үзэж байна.

Америк тивийн хамгийн эртний соёл иргэншил болох Каралын талаар мэдээлэл олж авахад энэ олдвор чухал ач холбогдолтойг судлаачид бас онцолжээ.

Сүүлийн найман жил явуулсан малтлагын хүрээнд эртний хотын 18 байгууламжийг ил гаргасан байна. Тэдгээрийн дотор ёслолын сүм, орон сууц зэрэг байгууламжууд байгаа ажээ.

зураг
 

Байгууламжуудаас шашны зан үйлийн эд зүйлс, хүн болон амьтны шавар дүрс, далайн хясаагаар хийсэн хүзүүний зүүлт зэрэг олдсон байна.

Каралын соёл иргэншил уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөхсөн гэж судлаачид үздэг. Үүнийг илүү сайн ойлгоход Пеникогийн малтлага чухал ач холбогдолтой гэгдэж байна.

Перу улс нь Америк тивийн эртний соёл иргэншилтэй холбоотой түүхийн дурсгалуудаараа алдартай.

Андын нуруунд оршдог эртний Инкүүдийн хэрмийн үлдэгдэл Мачу Пикчу, цөлд оршдог эртний нууцлаг аварга дүрслэлүүд болох Наскагийн зураг зэрэг ховор олдворууд энэ улсад байдаг юм.

 

Эх сурвалж: BBC