Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Техас мужид тохиосон гэнэтийн үерт амиа алдсан хүний тоо 78 хүрээд байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын Техас мужийн төв хэсэгт гэнэтийн үер буусны улмаас олон арван хүн амиа алдаж, сураггүй алга болоод байна.

Ням гарагийн байдлаар үерт амиа алдсан хүний тоо 78 хүрч, сураггүй болсон хүний тоо 41 болжээ.

Амиа алдсан хүмүүсийн 68 нь тус мужийн Керр дүүрэгт харьяалагдаж байна. Эдгээрийн 28 нь охидын зусланд амарч байсан хүүхдүүд юм.

“Camp Mystic” нэртэй тус зуслангийн арван охин, нэг багш одоогоор сураггүй бологсдын жагсаалтад байна.

Ирэх 24-48 цагийн дотор энэ бүс нутагт дахин ширүүн аадар бороо орох магадлалтай болсон нь аврах ажиллагаа хүндрүүлж болзошгүй байгаа аж.

Амь үрэгдсэн хүмүүсээс 18 насанд хүрэгч, 10 хүүхдийн цогцсыг таниулж чадаагүй байгааг Техас мужийн захирагч Грэг Эббот өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өглөө мужийн захирагчид захидал илгээж, үерийн гамшгийн хор хөнөөлийг арилгахад холбооны засаг захиргааны зүгээс үргэлжлүүлэн туслахаа амласан байна.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Уолкер Буш хохирогсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр өмнө нь Техас мужийн захирагчаар ажиллаж байсан хүн юм.

Түүний гэргий Лаура Буш бас үерт нэрвэгдсэн “Camp Mystic” зусланд олон жилийн өмнө багшаар ажиллаж байжээ.

Аврах ажиллагаа Гуадалуп голын эрэгт оршдог охидын зусланд голлон чиглэж байна.

Баасан гарагийн үүр цайхаас өмнө хүүхдүүдийг унтаж байх үед голын усны түвшин ердөө 45 минутын дотор 8 метрээр дээшилжээ.

Зуслангийн захирлаар олон жил ажиллаж буй Ричард Истланд энэ үерт бас амиа алдсан байна.

 

Эх сурвалж: Reuters