Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын Эрсдэлийн үнэлгээний газраас хийсэн судалгаагаар сүүлийн таван жилд усны ослоор 508 иргэн амь насаа алджээ.
Амиа алдсан иргэдийн 112 нь насанд хүрээгүй болохыг ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Батзаяа мэдээлэв.
Тэрбээр "Судалгаанаас үзэхэд усны ослоор амиа алдсан иргэдийн 76 хувь зуны гурван сард, үүнээс зөвхөн долдугаар сард гэхэд 41 хувь буюу 212 байгааг онцолсон юм.
Түүнчлэн нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн Туул гол, Дорнод аймгийн Хэрлэн гол, Баян-Өлгий аймгийн Ховд голд амь насаа алдсан иргэдийн тоо өндөр байна. Тэдгээрийн дийлэнх нь 18 хүртэлх насны хүүхэд, 21 хүртэлх насны залуучууд байгаа аж.
Иргэдийн хувьд зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол гарч байгаа бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол их байна" гэв.
2025 оны эхний зургаан сарын байдлаар 39 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдсэнээс 23 хүн амь насаа алдсан. Үүнээс том хүн 16, насанд хүрээгүй 7 хүн байна.
Тиймээс иргэдийг
- Баталгаагүй зам гармаар автомашин, мотоцикл, мориор гол ус гатлахгүй байх,
- Мэдэхгүй газар гол усанд орохгүй,
- Өөрийн амь нас, аюулгүй байдлаа хамгаалан аврах хантааз, усанд живэхээс хамгаалах хэрэгсэл хэрэглэж хэвших,
- Бага насны хүүхдэдээ хараа хяналт сайтар тавьж амь насыг нь хамгаалах, зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч хэрэгсэл ашиглан тоглуулахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!