Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг ТОП-100 ААН шалгаруулалтаар тодруулан өргөмжилдөг.
2024 оны хувьд Юнител группийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт цогц үйлчилгээ үзүүлэгч Юнител ХХК 16-р байранд, Юнивишн ХХК 43-р байранд тус тус шалгарч, нийгэм, эдийн засаг төдийгүй мэдээллийн технологи, цахим хөгжлийн салбарт оруулж буй хувь нэмрээ үнэлүүллээ.
Өнгөрөгч онд Юнител группийн Юнител ХХК 81 тэрбум төгрөгийн татварыг, Юнивишн ХХК 35 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж, хуулийн хэрэгжилтийг ханган, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн, Монголын Татварын Албанаас Юнивишн ХХК-ийг 2024 оны “Шилдэг татвар төлөгчөөр” шалгаруулсан билээ.
Юнител групп Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сум, 1200 гаруй багт харилцаа холбооны сүлжээгээ хүргэж, хэрэглэгчдэдээ хамгийн найдвартай өндөр хурдны сүлжээнд холбогдох боломжийг бүтээхээр зорьж ирсэн.
Энэ хүрээнд бид Монгол Улсад 5G сүлжээг нэвтрүүлэх ажлыг 2022 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд 2025 оны 05 дугаар сард Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-оос албан ёсны зөвшөөрлөө авч 5G сүлжээг албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлсэн юм.
Түүнчлэн, Юнивишн ХХК Монгол орны өнцөг булан бүрд суугаа айл өрхүүдэд хүртээмжтэйгээр гуравласан үйлчилгээг дамжуулан хүргэх зорилгын хүрээнд 16,000 км урт үргэлжлэх шилэн кабель татан дэд бүтцийн асар том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Улс орныхоо эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт, техник технологийн хөгжил дэвшилд хамтдаа хувь нэмрээ оруулж буй хэрэглэгч, хамт олон, харилцагч та бүхэндээ баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!