Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд өнөөдөр (2025.07.03) мэдээлэл өглөө.
Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс "Хуульчдын шалгалтыг энэ удаад 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Мэргэжлийн шалгалт нь холбогдох дүрэм журмын хүрээнд явагддаг. Хуулиараа бол мэргэжлийн шалгалтын товыг 75 хоногоос өмнө тогтоож, олон нийтэд мэдээлэх ёстой.
Хуульчдын холбооны зөвлөл зургаадугаар сарын 26-нд хуралдаж, хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2025 оны аравдугаар сарын 22, 23, 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Хуульчийн мэргэжлийн шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд тус шалгалтад эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй байдаг.
Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр зохион байгуулагддаг билээ.
Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй. Шалгалтын бүртгэл https://burtgel.mglbar.mn/ хаягаар явагдах бөгөөд 2025 оны наймдугаар сарын 8-ны өдрөөс эхэлж, есдүгээр сарын 21-ний өдрийн 00:00 цагт хаагдана" гэв.
Үргэлжлүүлэн Монголын хуульчдын холбооны шалгалтын хорооны гишүүн Т.Мөнх-Эрдэнэ "Хуульчдын холбооны шалгалтын асуудал эрхэлсэн хороо 2023 оны сүүлчээс эхэлж шалгалтын бодлогод шинэчлэл хийж байгаа.
“Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго” ном 75,000 төгрөгөөр зарагдаж эхэлсэн. Өмнө нь D хариулт нь зөв өгөгдсөн тест 100 хувь байдаг байсан бол өнгөрсөн жилээс тэр тестийг цөөлсөн. Нэмээд зөв хариулт өгөгдөөгүй 1,204 тест, АНУ-ын мэргэжилтэнтэй боловсруулсан жишиг тестийг гурав дахь хэсэгт нэмж оруулсан байсан бүтэц нь энэ жил мөн адил хэвээрээ байгаа.
Гэхдээ энэ жил тестийн тоо өөрчлөгдсөн. Өнгөрсөн жил D хариулт нь зөв өгөгдсөн 3,459 тест байсан бол энэ жил түүнийг 522-оор бууруулсан. D хариулт нь зөв өгөгдсөн тест 2,937 ширхэг тест бий. Хоёрдугаар хэсэгт зөв хариулт өгөгдөөгүй 1,204 тест байсан бол энэ жил 1,780 тест болсон.
Мөн гурав дахь хэсэгт Фулбрайтын программын хүрээнд Калифорнийн их сургуулийн профессор Мэй Лин Спенсертэй хамтран боловсруулсан 18 тестийг хариултын хамт оруулсан болно. Түүнчлэн "Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргачлал" номыг энэ жил дахин хэвлэж, 30,000 төгрөгөөр худалдаалж байна.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалтын агуулга, хэлбэр, арга зүйг өнгөрсөн жил шинэчилсэн. Эрүү, Иргэн, Захиргааны эрх зүйн салбар дээр сургалтын цагийг нэмэгдүүлсэн. Мөн сургалт орох багш нарын бүрэлдэхүүнийг өргөн хүрээтэй болгосон. Энэ жил хэлбэр, арга зүй хэвээрээ явагдах бөгөөд сургалт энэ оны есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 4-ийг дуустал болно. Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох хүмүүс энэ хугацаанд өдрөө сонгоод оролцох боломжтой" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!