Америк нисгэгч эмэгтэй Амелиа Эрхарт одоогоос яг 88 жилийн өмнө буюу 1937 оны долдугаар сарын 2-ны өдөр дэлхийг тойрох аяллынхаа замд сураггүй алга болсон нь агаарын тээврийн түүхэнд тайлагдашгүй нууц болон үлдсэн юм.
Тухайн аялалд тэр залуурч Фрэд Нунаны хамт нисэж байжээ.
Тэгвэл Эрхартын багшилж байсан, аяллын зардлыг нь санхүүжүүлж байсан Пердью Их сургуулийн судлаачид энэ оны арваннэгдүгээр сард сураггүй алга болсон онгоцны мөрөөр аялал зохион байгуулахаар болсон байна.
Тэд Номхон далайн өмнөд хэсэгт оршдог Никумароро арлын эргийн элснээс Эрхартын нисэж байсан Lockheed Electra 10E загварын онгоцны хэсэг байж болзошгүй зүйл цухуйж буйг хиймэл дагуулын зургаас олжээ.
Кирибати улсын харьяанд байдаг алслагдсан уг арал нь Фижи арлаас 1,600 орчим километр зайд оршдог юм байна.
“Нууцыг тайлах зүйл энд байж магадгүй юм. Ийм маш том нотлох баримт олдсон тул бидэнд үргэлжлүүлэн судлахаас өөр сонголт байхгүй” гэж Орегон мужийн Археологийн Өвийн Хүрээлэнгийн захирал Ричард Петтигрю ярьжээ.
“Бид манай сургуульд хийсэн зүйлийнх нь хариуд Амелиагийн хүслийг гүйцээх, болж өгвөл онгоцыг нь Пердьюд авчрах өртэй гэж бодож байна” гэж Пердью Их сургуулийн ерөнхий зөвлөх Стив Шульц ярьсан байна.
Хиймэл дагуулын зураг дээр харагдаж буй объектын хэмжээ, материал Эрхартын онгоцныхтой таарч байгаа гэнэ.
Мөн онгоц унасан гэгдэж буй арал нь түүний аяллын маршрутын дагуу, хамгийн сүүлд тусламж хүссэн радио дохионы эх үүсвэрийн байрлалтай ойролцоо байгаа юм байна.
2015 онд Номхон далайд дэгдсэн хүчтэй далайн шуурга арлын элсийг нүүлгэн шилжүүлснээр онгоцны үлдэгдэл ил гарсан байж болзошгүй гэнэ.
Хиймэл дагуулын зургийг энэ шуурга болсноос хойш нэг жилийн дараа буулгажээ.
Арлаас АНУ-д үйлдвэрлэсэн багаж хэрэгсэл, эмийн сав зэрэг зүйлс олдвол Эрхартын онгоц болох нь бүрэн батлагдана гэж Петтигрю үзэж байгаа юм байна.
Эрхарт аяллынхаа дараа нисэх онгоцоо Пердью Их сургуульд өгч, агаарын тээврийн судалгаанд ашиглуулах төлөвлөгөөтэй байжээ.
Тус сургуулийн дэргэдэх сан Эрхартын аяллын эхний үе шатыг $500,000-аар санхүүжүүлсэн гэдэг.
Судлаачид хамгийн ойрын арлаас Никумарород завиар хүрэхийн тулд зургаан өдрийг зарцуулсны дараа хайгуулын ажилд тав хоног зарцуулах юм байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!