Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла автомашины борлуулалт хоёр улирал дараалан буурлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хоёрдугаар улиралд тэрбумтан Илон Маскийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн борлуулалтын хэмжээ 14 хувиар унасан нь хоёр улирал дараалан унасан тохиолдол болжээ.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд тус компани дэлхий даяар ердөө 384,000 орчим автомашин борлуулсан байна.

Үүнд Илон Маскийн улс төрийн үйл ажиллагаа, Хятадын BYD тэргүүтэй үйлдвэрлэгчдийн хүчтэй өрсөлдөөн голлон нөлөөлж байгаа гэж шинжээчид үздэг.

Маск одоо АНУ-ын засаг захиргаанаас гарсан ч ерөнхийлөгч Трамптай үүсгэсэн зөрчил маргаан нь үргэлжилж байгаа.

Хамгийн сүүлд Трамп санаачилсан хуулийн төслийг нь хүчтэй эсэргүүцэж байгаа Маскийн бизнесүүдэд АНУ-ын засаг захиргаанаас үзүүлдэг бүх дэмжлэгийг зогсоохоор сүрдүүлээд байна.

Тэр ч байтугай Маскийн иргэний харьяаллыг цуцалж, АНУ-аас албадан гаргах боломжийг ч үгүйсгэхгүй байгаа.

“Илон дэлхийн түүхэнд хамгийн их татаас дэмжлэг авсан хүн байж магадгүй. Бид энэ асуудалд Doge-ийн анхаарлыг хандуулж болох юм. Их хэмжээний мөнгө хэмнэнэ” гэж Мягмар гарагт Трамп сошиал хуудсандаа бичсэн юм.

Doge гэдэг нь Маскийн удирдаж байсан төсвийн хэмнэлт хариуцсан холбооны засгийн газрын агентлагийн нэр.

Үүнд Маск “Бүгдийг цуцал гэж шууд утгаар нь би хэлье. Яг одоо” гэж мөн сошиал хуудсаараа хариулжээ.

Трампын санаачилсан хуулийн төсөл АНУ-ын төсвийн алдагдал, өрийн хэмжээг үлэмж хэмжээгээр өсгөх аюултай гэж Маск үздэг юм.

Гэхдээ зарим хөрөнгө оруулагчид Теслагийн борлуулалтын уналт ёроолдоо хүрсэн тул дараагийн улирлуудад сэргэнэ гэж найдаж байна.

Тухайлбал Deepwater Asset Management компанийн шинжээч Ген Мюнстер “Есдүгээр сард 10 хувиар унаад арванхоёрдугаар сард тогтворжино гэж би үзэж байна” хэмээн таамгаа бичжээ.

 

Эх сурвалж: BBC