Сүүлийн өдрүүдэд Азербайжан, Орос улсуудын харилцаа эрс муудаад байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Оросын аюулаас хамгаалах албаныхан олон жилийн өмнөх хүн амины хэргүүдтэй холбогдуулан Екатеринбург хотод ажиллаж, амьдардаг Азербайжаны олон арван иргэнийг баривчлах үеэр тэдний хоёр нь амиа алдсан юм.
Үүний улмаас Азербайжаны тал Орос улстай бүх харилцаагаа зогсоогоод байгаа.
Тэгвэл Мягмар гарагт Азербайжаны цагдаагийн газар тус улсад кибер гэмт хэрэг үйлдэж, хар тамхины наймаа явуулсан үндэслэлээр Оросын найман иргэнийг баривчилжээ. Тэдгээрийг “зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн гишүүд” гэж тодорхойлсон байна.
Маргааш нь Кремлийн хэвлэлийн алба баривчлагдсан иргэдээ хамгаалахын тулд “дипломат суваг болон бусад бүх арга хэрэгслийг ашиглах”-аа мэдэгджээ.
Бакуд баривчилгаа явагдсан өдөр Оросын хууль хүчнийхэн Екатеринбург хотод дахин ажиллагаа явуулж, тус хотын азербайжан иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Шахин Шихлинскийг баривчилсан байна.
Сошиал ертөнцөд тарсан дүрс бичлэгт тусгай албаныхан түүний SUV ангиллын автомашины цонхыг хагалж, дотроос нь чирэн гаргаж байгааг харуулжээ. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Шихлинскийг одоо мөрдөгдөж байгаа хэргийн гэрчээр татаж, байцаалт авсны дараа орой нь сулласан гэнэ.
Екатеринбург хотод Азербайжаны иргэдийг баривчилсны дараа зургаадугаар сарын 29-нд Баку өөрийн нутаг дэвсгэрт Оростой холбоотой бүх урлаг соёлын арга хэмжээнүүдийг зогсоох шийдвэр гаргасан юм.
Бас ОХУ-ын шадар сайдын Бакуд хийх айлчлалыг цуцалж, парламентын төлөөлөгчдийнхөө Москвад хийх айлчлалыг мөн цуцалж байв.
Маргааш нь Азербайжаны хууль хүчнийхэн Оросын төрийн өмчит Спутник телевизийн Баку дахь салбарын байранд тусгай ажиллагаа явуулжээ.
Тус улсын эрх баригчид Спутникийн цацалтыг энэ оны эхээр хаасан ч онлайн орчинд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан юм.
Тухайн үед Азербайжаны гадаад хэргийн яам тус сувгийг “хууль бус санхүүжилтээр үйл ажиллагаа явуулсан” үндэслэлээр ажиллагаа явуулсныг тайлбарлажээ.
Ажиллагааны үеэр Спутникийн ерөнхий эрхлэгч Игорь Картавых, орлогч эрхлэгч Евгений Белоусов нар баривчлагдсан юм. Үүний хариуд Оросын гадаад хэргийн яам Москва дахь Азербайжаны элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж байв.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!