Байдены засаг захиргааны үед Украинд амласан зарим зэр зэвсгийн нийлүүлэлтийг түр зогсоож байгаагаа АНУ-ын эрх баригчид өчигдөр зарлажээ.
Энэ мэдээг Кремльд талархан хүлээж авсан байна.
“Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээ багасах тусам цэргийн тусгай ажиллагаа дуусах цаг мөч ойртоно” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар мэдэгджээ.
Цагаан ордны мэдэгдлийн дараа Украины гадаад хэргийн яам Киев дэх АНУ-ын элчин сайдын яамны дэд тэргүүн Жон Гинкелийг дуудаж уулзахдаа “зэр зэвсгийн тусламжаа хойшлуулах нь Орос улс эзлэн түрэмгийллээ үргэлжлүүлэхэд түлхэц болно” хэмээн анхааруулсан байна.
Цагаан ордон тусламжаа зогсоосон нь Украин улс Оросын агаарын томоохон цохилтуудад дараалан өртөж, фронтын шугамын зарим хэсэгт байр сууриа алдаж байгаа эгзэгтэй цаг үетэй давхцаж байгаа юм.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Патриот агаарын довтолгооноос хамгаалах систем, их буунуудын нийлүүлэлтийг түр зогсоогоод байгаа бололтой.
“Бид одоогоор АНУ-ын зэвсгийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байгаа. Хэдийгээр Европ чадах бүхнээ хийж байгаа ч Америкийн зэр зэвсэггүй бол бидэнд хэцүү байх болно” гэж Украины батлан хамгаалах яамны эх сурвалж ярьжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!