Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Европын орнуудад агаарын хэт халалтын улмаас нэг өдрийн дотор найман хүн амиа алдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэ зуны эхний агаарын хэт халалт Европын орнуудын хүн амд ноцтой аюул учруулж эхлээд байна.

Өчигдөр буюу Лхагва гарагт уг гамшгийн улмаас Испани улсад дөрөв, Франц, Итали улсуудад тус бүр хоёр хүн амиа алджээ.

Экстремадура, Кордоба мужуудад тус бүр нэг хүн хэт халууныг тэвчиж чадаагүй бол Каталониа мужид өмнөх өдөр нь дэгдсэн ой хээрийн түймэрт хоёр хүн амиа алдсаныг Испанийн эрх баригчид мэдээлсэн байна.

Францын онцгой байдлын яам тус улсад хоёр хүн амиа алдаж, 300 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэнийг мэдээлжээ.

Сардини арлын эрэг дээр 60-аас дээш насны хоёр эрэгтэй хэт халууны улмаас нас барсныг Италийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Итали улсын 18 хотод цаг агаарын гамшигт үзэгдлийн “улаан” түгшүүр зарлажээ.

Германы зарим бүс нутагт агаарын температур Цельсийн 40 хэм давсан нь энэ оны хамгийн халуун өдөрт тооцогдож байна.

Турк улсын хэд хэдэн бүс нутагт энэ долоо хоногийн эхээр ой хээрийн түймэр дэгдэж, 50,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Тэгвэл эдгээр түймрийн ихэнхийг унтрааж чадсанаа өчигдөр тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Итали, Франц, Герман улсын цаг уурчид агаар мандлын тогтворгүй байдлын үр дүнд хүчтэй салхи шуурга дэгдэж болзошгүйг анхааруулж байна.

Францын Альпийн нуруунд Даваа гарагийн орой болсон хүчтэй шуурганы үеэр хөрс нурснаас Парис-Милан чиглэлийн төмөр замд саатал гарсан юм.

Мягмар гарагт Швейцарын Axpo эрчим хүчний компани голын ус хэт халж, реакторуудыг хөргөх боломжгүй болсноос Безнау цөмийн цахилгаан станцын нэг реакторыг унтрааж, нөгөө реакторын ажиллагааг хоёр дахин багасгасан байна.

Агаарын хэт халалт бүс нутгийн 2025 оны эдийн засгийн өсөлтийг хагас нэгж хувиар бууруулах төлөвтэй байгааг Allianz Research судалгааны байгууллага тайландаа дурджээ. Цельсийн 32 хэмээс давж халсан нэг өдөр нь эдийн засагт хагас өдөр ажил хаясантай тэнцэх сөрөг нөлөөтэйг энэ тайланд харьцуулсан байна.

Европын хэт халалтын гол шалтгаан Газар дундын тэнгисийн усны температур өссөнтэй холбоотой. Бас Африк тивээс ирдэг халуун агаарын урсгал үүнд давхар нөлөөлж байна.

Германд хүмүүс сэрүүцэхийн тулд усан сан, гол нуур бараадаж, ихэнх сургуулиуд хаалгаа барьжээ.

Бранденбург, Саксони мужуудад гарсан ой хээрийн хэд хэдэн түймэртэй гал сөнөөгчид тэмцэж байна.

Парисын алдарт Эйффелийн цамхаг Мягмар гарагт дээд давхраа хаасан нь бас агаарын хэт халалттай холбоотой байв.

Брюссель хотын зэвэрдэггүй гангаар бүтсэн Atomium цогцолбор хэт халалтын улмаас Лхагва гарагийн өглөө хаагдсан нь энэ долоо хоногийн гурав дахь тохиолдол байлаа.

Өнгөрсөн сар Испани улсын түүхэнд хамгийн халуун зургаадугаар сар болсон бол Франц улсын хувьд 2003 оноос хойш бүртгэгдсэн хамгийн халуун зургаадугаар сар болжээ.

 

Эх сурвалж: Reuters