Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсангийн эцсийн автобусны буудлын замын голд суурилуулсан хашлагыг буулгахаар боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн эцсийн автобусны буудлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр тохижуулж байгаа бөгөөд дүүргийн ЗДТГ-аас захиалагчийн хяналтыг тавьж байгаа аж. Тохижилтыг гүйцэтгэхдээ авто замын голд тойрог хэлбэрээр хашлага суурилуулжээ. 

Энэ тухай Хан-Уул дүүргийн Техник хяналтын албаны дарга Б.Амартүвшин "Зайсангийн эцсийн буудал нь тохижилтгүй, автобусны хүлээлгийн зогсоол, сүүдрэвчгүй сул талбай байсан. Зураг төсвийн компанитай гэрээ байгуулж, дүүргээс санал оруулан шинэчилсэн зураг гаргуулсан юм. Зургийн дагуу тохижилтыг гүйцэтгэж дууссаны дараа автобусны эргэлт болон талбай нь иргэдэд чөлөөтэй үйлчлэх зогсоол болох байсан.

Зайсангийн эцсийн автобусны буудлын орчимд барилга барьж байгаа компанид хашаагаа татаж, газар чөлөөлөх тухай шаардлагыг сарын өмнө өгсөн. Талбайгаа чөлөөлнө гэж хэлсээр сар болж байна.

Тохижилтын ажлыг гүйцэтгэгч компани гэрээтэй. Гэрээт хугацаандаа гүйцэтгэхийн тулд ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд газар чөлөөлөгдөх байх гэж гүйцэтгэгч компанийн зүгээс хэлсэн юм.

Автомашинууд зогсчхоод байгаа учраас иргэд гурван замын уулзварын зорчих хэсэг дээр зогсож байна. Гол асуудал энэ. ТЦА-нд хүсэлт гаргасан ч өдөр бүр эдгээр автомашиныг зохицуулах хүн хүч хүрэхгүйг мэдэгдсэн. 

Зураг төсвийн дагуу тохижилт хийвэл нийтийн тээврийн автобусны эргэлтийн радиусыг 12 градусаар хийх юм" гэж ярилаа.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Тохижилтын ажлыг хийхдээ талбайгаа чөлөөлөөгүй, тээврийн хэрэгслүүд зогссон байгаа үед нийтийн тээврийн автобус эргэх үндэслэл байхгүй. Ийм үед хашлага тавих шаардлагагүй. Одоо байгаа хашлагыг яаралтай авах хэрэгтэй. Таксины зогсоолыг тэмдэглэгээ хийх байдлаар зохицуулж, барилгын хашааг яаралтай татуулан хашлагыг авч, аюулгүйн тойрог байдлаар жижиг арал хийхэд автобус эргэх боломжтой болно" гэв.

Хан-Уул дүүргийн засаг дарга Б.Цэрэн "Зайсангийн эцэст таксины зогсоолгүй, автобуснууд зогсох талбайтай, явган хүний замтай, дулаан зогсоолтой жишиг автобусны буудалтай болгох юм. Энэ хэсэгт такси үйлчилгээ эрхлэгчид зогсдог тул тэдэнд зориулж ийм зогсоол маягтай авто замын арал хийсэн. Газар чөлөөлсний дараа жишиг байдлаар автобусны зогсоол хийнэ. Иргэд болон автомашины хөдөлгөөнд саад учруулж байгаа учраас авто замын арлыг буулгана. Иргэдийг бухимдууллаа" хэмээлээ.

Тус автобусны эцсийн зогсоолын засвар шинэчлэлтийн ажлын зураг төслийг “Нарт Дизайн” ХХК гаргаж, “Нано бриллиант констракшн” ХХК тохижилтыг гүйцэтгэж байгаа юм байна.