Хүн амын хамгийн их шигүү суурьшилтай дэлхийн хотуудын нэг Манила хог хаягдлаа цуглуулж чадахгүй болсноос захирагч нь эрүүл мэндийн онц байдал зарлахад хүрчээ.
Сонгогдоод удаагүй байгаа захирагч Франциско Домагосо асуудлыг шийдвэрлэх хүртэл хогоо гаргаж хаяхгүй байхыг хотынхоо хоёр сая шахуу оршин суугчдад уриалсан байна.
Манила хотын хог хаягдлыг цуглуулах, ачих үүрэгтэй хоёр гэрээт компани олон саяын авлага нь төлөгдөхгүй байгаагийн улмаас ажлаа зогсоожээ.
Домагосо үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Манилад эрүүл мэндийн онц байдал зарлах шийдвэрийг шинээр сонгогдсон хотын зөвлөлөөр яаралтай гаргуулахаа мэдэгдсэн байна.
“Хэрвээ боломжтой бол хогоо гаргалгүй хэсэг хугацаанд хойшлуулаарай. Манила хотын хог ачих ажлыг хэвийн болтол гэртээ хадгалаарай” гэж тэр өчигдөр Фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Хуримтлагдсан их хогийн үнэр өндөр настнууд, хүүхдүүд, өвчин хуучтай хүмүүсийн эрүүл мэндэд хортой бөгөөд хог дээр цугларсан ялаа батгана хоол хүнсийг бохирдуулах аюултайг захирагч сануулсан байна.
Өсвөр насандаа Isko Moreno дэлгэцийн нэрээр үеийнхнийхээ дунд алдаршиж байсан Домагосо тавдугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Манила хотын захирагч болсон юм.
Ингэхдээ тэр “Make Manila Great Again” (Манилаг дахин хүчирхэг болгоно) гэсэн уриатай өрсөлдөж байжээ.
Энэ амлалтаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд өчигдөр өглөө тэр нийслэл хотын гудамж талбайг савантай усаар угаах ажлыг захиргааныхаа албан тушаалтнуудтай хамтран гүйцэтгэсэн байна.
Домагосо өмнө нь 2022 оныг хүртэл гурван жил Манила хотын даргаар ажиллахдаа бас гудамж талбайн цэвэрлэгээг нэн тэргүүнд тавьж байсан түүхтэй.
2019 онд тэрбээр хотын захиргааны ойролцоо оршдог хөшөөг угааж байгаад хүний ялгадсан дээр гишгэчхээд тавьсан зорилго нь ямар чухал болохыг жишээ болгон харуулж байжээ.
Энэ байдал нь түүнийг Филиппинд ихээхэн алдаршуулсан тул 2022 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч одоогийн ерөнхийлөгч Фердинанд Маркост ялагдсан юм.
Даваа гарагт тэр Манилагийн захиргаа хог ачих гэрээтэй PhilEco, MetroWaste компаниудад нийт 400 сая песогийн ($7 сая) өртэй болсныг мэдэгдэж байв.
Тиймээс тэр өмнө нь энэ ажлыг гүйцэтгэж байсан Leonel компанитай хэсэг хугацаанд үнэ төлбөргүй ажиллуулахаар ярилцаж тохиролцсоноо зарлажээ.
Leonel өмнө нь бас Манилагийн захиргаанаас гүйцэтгэсэн ажлынхаа төлбөр болох нийт 560 сая песог авч чадаагүй юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!